АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАГДЛАА

           Тулгар төрийн 2228, Их Mонгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Архивын ерөнхий газрын 92 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний ой санамж, үндэстэн оршин тогтох дархлаа болсон түүх, соёл, нийгэм эдийн засгийн бүх төрлийн түүхэн баримт, дурсгал, эх сурвалжуудыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ, үлгэрлэн, уламжлуулах үйлсэд хувь нэмэр оруулсан, тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, судлаач, эрдэмтдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 126 дугаар зарлигаар Архивын ерөнхий газар төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор шагнагдлаа.

     Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, АЕГ-ын дарга удирдлагууд, ахмад ажилтан, албан хаагчид оролцлоо.

      Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгч, тус байгууллагын хамт олонд баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ “Ухаант өвөг дээдэс, ахмад үеийн хуудас хуудсаар хураан цуглуулж бүрдүүлэн бий болгосон үндэсний түүхийн үнэт эрдэнэсийн санг манай үе үеийн архивчид нэр төртэйгээр залгамжлан авч хойч үедээ үлдээхийн төлөө нөр их хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг үнэлэн хүндэтгэж өнөөдөр архивын хамт олныг Монголын төр, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа. Энэ шагнал байгууллагын хамт олон, тэдний хичээл зүтгэлийг үнэлэн сайшааж байгаа төрийн сайшаал шагнал төдийгүй буурал түүх, ухаант дээдсийнхээ өмнө Монголын төр мэхийн ёсолж буй хэрэг хэмээн би бодож байна” гэлээ.

   Ийнхүү төрийн дээд шагнал Алтан гадас одонг Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар хүндэтгэлтэйгээр хүлээн авч, үе үеийн архивчид, удирдлагуудын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлсэн юм.