“Бүх нийтийн эрх зүйн боловсролд бидний оролцоо” уралдааны удирдамж

Нэг. Үндсэн мэдээлэл

     Иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй хууль эрх зүйн мэдлэгтэй холбоотой үүсч байгаа бэрхшээл, түүнийг шийдвэрлэж буй арга зам, нөхцөл байдлыг сүүлийн 3 жилийн байдлаар судалхад[1] иргэдийн 54,8%-д нь хууль эрх зүйн үр дагавар бүхий ямар нэг бэрхшээл тохиолдсон бөгөөд тэдний 50,5% нь түүнийг шийдвэрлэх ямар нэг оролдлого хийгээгүй байна. Хууль зүйн туслалцаа аваагүй иргэдийн 36,8% нь юу ч хийгээд нэмэргүй гэж бодсон, 25,5% нь юу хийхээ мэдэхгүй байсан, 17,3% нь тийм ноцтой асуудал биш гэж үзсэн, 15,7% нь надад ямар эрх байгааг мэдээгүй гэж хариулсан байна. Харин хууль зүйн туслалцаа авсан иргэдийн 40,8% нь найз нөхөд, хамаатан садан, танил талдаа хандсан, 14,5% нь холбогдох төрийн байгууллагад хандсан, 15,6% нь цагдаагийн байгууллагад хандсан, 14,5% нь хуульч, өмгөөлөгчид хандсан байна. Судалгаанд хамрагдсан 1630 иргэнээс өөрт нь тодорхой бэрхшээл тохиолдсоноос үл хамааран “Хэрэв ямар нэг бэрхшээл тохиолдвол хаашаа хандахаа мэдэхүү?” гэж асуухад 57,1% нь “Мэдэхгүй” гэж хариулжээ.

   Дээрх судалгааны дүнгээс үзэхэд иргэд хуулиар олгогдсон боломжоо ашиглан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, аюулгүй байдлаа хамгаалах явдал хангалтгүй,  иргэдийн эрх зүйн боловсрол дутмаг, өөрт  тулгарсан асуудлаа хуулийн аргаар шийдэх чадавхи сул байгаагаас хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадахгүй хохирох нөхцлийг үүсгэж байна.

       Энэхүү хэрэгцээ шаардлагын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” –ийг батлан хэрэгжүүлж байна.

      Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрийн байгууллага төдийгүй иргэд, иргэдийн бүлэг, байгууллага, хамт олон, иргэний нийгмийн байгууллагын идэвхитэй оролцоо, олон талын хамтын ажиллагаа чухал юм.

Хоёр. Зорилго

2.1. Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлын хүртээмжийг нэмэгдүүлэхэд иргэдийн бүлэг, оюутны холбоо, сурагчдын холбоо, СӨХ болон иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулж, тэдний зохион байгуулсан тодорхой зорилтот ажлын үр дүнг үнэлэх, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах санал, санаачлагыг дэмжихэд оршино.

Гурав. Хамрах хүрээ

3.1.Иргэдийн бүлэг, холбоо /сурагчдын холбоо, оюутны холбоо, СӨХ/, Төрийн бус байгууллага.

Дөрөв. Уралдааны төрөл

 4.1.Уралдаанд оролцогчдийн үйл ажиллагааг дараах хоёр төрлөөр шалгаруулна. Үүнд:

4.1.1. Үйл ажиллагаа – Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн шилдэг үйл ажиллагаа /төсөл, арга хэмжээ/ зохион байгуулж, хэрэгжүүлсэн;

4.1.2. Бүтээл – Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сурталчилгаа, мэдээллийн шилдэг шийдэлтэй бүтээл, бүтээгдэхүүн хийж нийтэд хүргэсэн.

 

Тав. Уралдааны сэдэв

5.1.Өнөөгийн нийгэмд иргэдэд түгээмэл тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн туслалцаа болохуйц, хүртээмжтэй мэдээлэл, мэдлэг олгоход чиглэсэн үйл ажиллагаа, бүтээл байна.

Зургаа. Уралдааны шалгууралтад тавигдах шаардлага

6.1. Уралдааныг дүгнэхдээ оролцогчийн хийсэн ажлын үр дүнг чухалчилна.

6.2. Үйл ажиллагааг дүгнэхдээ дараах шалгуурыг харгалзан үзнэ. Үүнд:

  • үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлсэн арга хэлбэр,
  • иргэдийн оролцоог хангасан байдал,
  • иргэдэд хүрсэн байдал /энгийн, ойлгомжтой/,
  • хүний эрхийн хандлагад суурилсан байдал,
  • цаашид тогтвортой үргэлжлэх үр өгөөж нь бодитой үлдэхүйц байвал давуу тал болно.

6.3. Бүтээлийг дүгнэхдээ дараах шалгуурыг харгалзан үзнэ. Үүнд:

  • хүртээмжтэй байдал /бүтээлд хэрэглэсэн нэр, томъёо, үг хэллэг нь иргэдэд ойлгомжтой энгийн байх/,
  • тодорхой байдал /тодорхой санааг илэрхийлсэн, агуулга нь ойлгомжтой, тодорхой байх/,
  • өнгө үзэмжтэй, анхаарал татхуйц байдал,
  • нийтэд хүрсэн байдал,
  • хүний эрхийн хандлагад суурилсан байдал.

6.4. Өөрийн сурдаг сургууль, амьдардаг орчиндоо дээрх арга хэмжээг зохион байгуулж, үр дүнд хүрсэн бүлэг, хамт олон оролцож болно.

 Долоо. Уралдаанд ирүүлэх материал

7.1. Уралдаанд оролцогчид дор дурдсан баримт, тайланг бүрдүүлж заасан хугацаанд ирүүлнэ. Үүнд:

  • оролцогчийн танилцуулга,
  • гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүнгийн дэлгэрэнгүй тайлан,
  • үр дүнг үнэлсэн өөрийн үнэлгээ байна. /Ажлын үр дүнг тухайн орон нутгийн захиргаа, холбогдох байгууллагын тодорхойлолт, иргэдийн дунд хийсэн санал асуулга гэх мэт бусад хэлбэрээр баталгаажуулж болно./

Найм. Хугацаа

8.1.Хамрах хугацаа: 2019 оны үйл ажиллагаа

8.2.Материал ирүүлэх хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 1-ээс 15-ны өдрүүдэд “Чингэлтэй дүүрэг, IV хороо, Хуульчдын гудамж 1, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн ажлын алба” хаягаар хүлээн авна.

8.3.Дүгнэх хугацаа: 2019.12.01-ний дотор.

Ес. Уралдааныг шалгаруулах комисс

       9.1. Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн их дээд сургуулийн клиник сургалтын төвийн багш, иргэний нийгмийн байгууллын төлөөллийг оролцуулан нийт 9 шүүгчийн бүрэлдэхүүнтэй комисс, энэхүү удирдамж, тогтоосон шалгуурын дагуу үнэлж 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор шалгаруулж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн цахим хуудсаар мэдээлнэ.

Арав. Шагнал

10.1. Уралдааны хоёр төрөл тус бүрт эхний гурван байр шалгаруулж, дор дурдсан шагналаар урамшуулна. /Мөнгөн шагналаас ХАОАТ суутгана./

10.2. 1 дүгээр байр – 2 000 000 төгрөг, өргөмжлөл, ном

         2 дугаар байр – 1 500 000 төгрөг, өргөмжлөл, ном

         3 дугаар байр – 1 000 000 төгрөг, өргөмжлөл, ном