ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО

       Байлдааны гавьяаны одон болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоод хэргийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.

        Нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, ДХИС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав нар болон ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ОБЕГ, ШШҮХ-ийн дарга, удирдлагууд, ДХИС-ийн үе үеийн захирлуудын төлөөлөл, Их сургуулийн нийт бүрэлдэхүүн, офицер, эрдэмтэн багш, ахмадууд, эцэг эхчүүд оролцов.

      Тус их сургууль нь хичээлийн шинэ жилд сургуулийг цогц байдлаар, эрчимтэй хөгжүүлэх нөхцөлийг хангах, үйл ажиллагааг нь өргөжүүлж, улс орны дотоод аюулгүй байдлын асуудалд төвлөрүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 152 дугаар тогтоолоор “Дотоод хэргийн их сургууль” болгон өөрчлөн зохион байгуулж, дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлуулж эхлүүлж байна.

       Мөн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор 2019 онд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд “Спорт цогцолбор, номын сан”-гийн барилгыг тусгуулан, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

    Энэ хичээлийн жилд тус Их сургуулийн Ахисан шатны боловсролын сургууль, Удирдлагын академи, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Ахлах сургуулиудад нийт 660 суралцагч элсэн орж, эрдмийн их өргөөнд мөр зэрэгцэн суралцахаар боллоо.