Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга мэргэжилтэн нарын нэгдсэн сургалт семинар боллоо

Тус яамнаас жил бүр зохион байгуулдаг Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын нэгдсэн сургалт-семинар энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулагдлаа.
Уг сургалтын эхний өдөр 2019 онд УИХ-аар шинэчлэн батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт орсон хууль, тогтоомж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Авлигын эсрэг хуулийн дагуу сахилгын хариуцлага хүлээлгэхэд анхаарах асуудал, аймаг орон нутагт шашны талаар баримтлах бодлого, чиг хандлага, цаашид анхаарах асуудал, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил, орон нутгийн зүгээс анхаарах асуудал зэрэг сэдвээр зохион байгуулсан бол 2 дахь өдөр Хүүхэд хамгааллын тухай хууль, тогтоомжид заасны дагуу Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог тухайн шатны Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга ахалдаг тул хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх ойлголт, хандлага, үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Хууль зөрчсөн хүүхдийн эрх хамгаалалтын холбогдох хууль тогтоомжийн хэрэглээ, хорооны хурлыг зохион байгуулах арга, хэлбэр, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, орон нутагт анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн нээж, Аймаг, орон нутагтаа Хууль зүйн салбарт хийх шинэчлэлийн бодлогын хүрээнд батлагдсан хууль тогтоомж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, тайлбарлан таниулах, сургалт, мэдээлэл хийх, анхан шатны зөвлөгөө өгөх зэрэг ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран үр дүнтэйгээр зохион байгуулж байгааг тэмдэглэн хэлээд, цаашид Хууль зүй, дотоод хэргийн сайдын аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсан үүргүүдийг хэрэгжүүлэх, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын орон нутаг дахь нэгжүүдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэн, мэдээлэл солилцоог сайжруулж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэхэд анхаарч ажиллахыг хүслээ.