ШИНЭ ЖИЛЭЭ ДАВХАР БАЯРТАЙ УГТЛАА

       Хууль зүй, дотоод хэргийн яам нь 1911 онд Шүүн Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэх яам нэртэйгээр анх байгуулагдаж өнөөдрийг хүртэлх 108 жилийн түүхэн хугацаанд үндсэн үүргээ хэрэгжүүлж ирсэн.

       Тус яамны хамт олон 2020 оны босгон дээр шинэ байрандаа орсноор 108 жилийн дараа анх удаа орчин үеийн бүх шаардлагыг хангасан өөрийн гэсэн  байртай боллоо.

       Хууль зүй, дотоод хэргийн яамнаас салбарын нийт ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Алба хаагч бүрт – орон сууц” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд 390 айлын орон сууц бариулж тун удахгүй ашиглалтад оруулах гэж байна. Энэхүү шинэ байранд тус яамны 100 гаруй ажилтны 80 гаруй нь орохоор болж байгаа бөгөөд шинэ жилээр тус яаманд олон жил ажилласан цэвэрлэгч, үйлчлэгч, жолооч зэрэг 9 туслах ажилтанд орон сууц олгохоор шийдвэрлэн батламж гардуулав.

       Өмнө нь 70 гаруй ажилтныхаа 40 гаруйг нь орон сууцанд хамруулж байсан Ц.Нямдорж сайд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хуучин ажилдаа томилогдсоноос хойш яамны болон ажилтнуудынхаа нийгмийн гол асуудлыг ийнхүү 2 жилийн хугацаанд  цогцоор нь шийдвэрлэж чадлаа.