МЭДЭЭЛЭЛ

Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор хуралдуулах бөгөөд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 02 дугаар, мөн оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/42 дугаар тус тус тушаалаар Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж, хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Энэхүү Их Хуралд Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал 300, түүнээс багагүй өмгөөлөгчийн төлөөлөлтэй байна.” гэж заасны дагуу 300 гаруй төлөөлөгч оролцохоор байна.

Гэтэл Улсын онцгой комиссоос олон улсад тархаад байгаа “Covid-19” халдварт өвчний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хязгаарласан бөгөөд Улсын онцгой комиссын 2020 оны I хурлын тэмдэглэлийн “Тав”-ын 5.1-д “Олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хязгаарлахыг” аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгосон.

Иймд дээрх үүссэн нөхцөл байдлыг харгалзан Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын товыг ЖИЧ зарлах болно.

Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн доорх дүрэм, журмын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамны /www.mojha.gov.mn/ цахим хуудаст байршуулсан тул танилцаж, саналаа gantulga@mojha.gov.mn /Харилцах утас:261397/ хаягаар ирүүлнэ үү.

  • Өмгөөлөгчдийн Холбооны дүрмийн төсөл;
  • Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нэгдсэн шаардлагыг тогтоох төсөл;
  • Өмгөөлөгчдийн Холбооны Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөл;
  • Өмгөөлөгчийн мэргэжлийн Ёс зүйн дүрмийн төсөл;
  • Өмгөөлөгчдийн Холбооны шагналыг бий болгох, түүнийг олгох журмын төсөл;

 

 

ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРЛЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ