ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЦАХИМ ХЯНАЛТЫН СИСТЕМ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

“Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”-ийг 2020 оныг дуустал сунгах тухай Солилцох захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурснаар ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн тусгайлсан зээлийн хэлэлцээрүүдийг байгуулах боломжтой болж буй юм.

Энэ хүрээнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Экспорт-Импорт банкийг төлөөлж Ли Дү-Хён нар гарын үсэг зурлаа.

Дээрх төслийг хэрэгжүүлснээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхэд хяналт тавих цахим төвийг байгуулж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл суурилуулан хяналтын тогтолцоо бүрдэнэ.