10 хуулийн этгээдийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүллээ

Тус яамны харьяа Оюуны өмчийн газраас холбогдох хууль тогтоомжийн дагуу энэ оны 07 дугаар сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад гүйцэтгэлийн шалгалтыг хийсэн.

Шалгалтаар Улсын байцаагчийн албан шаардлагын дагуу зохиогчийн эрхийн зөрчлөө арилгаж, өгөгдсөн хугацаатай үүрэг даалгавар биелүүлээгүй, эфирээр гарч байгаа гадаадын болон дотоодын кино, контент дуу хөгжим, бүжгийн бүтээлийн эрх эзэмшигчдээс зөвшөөрөл авч зохиогчийн эрхийн гэрээ байгуулаагүй, шалгалтанд хамрагдахаас зайлсхийх зэрэг зөрчлүүд илэрсэн.

Илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдуулан тус газраас  “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн 14 дүгээр 1 хэсэг, мөн  зүйлийн 1 дэх хэсгийн 3 дах заалтыг үндэслэн нэр бүхий телевизүүдийн эфирийг хааж, “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг 2020 оны 08 сарын 03-ны өдрөөс эхлэн  90 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 005/06  дугаарт дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн юм.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос дээрх хууль тогтоомж, дүгнэлтийг үндэслэн  2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоолыг гаргаж,  9 хуулийн этгээдийн “Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл, 1 хуулийн этгээдийн “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүллээ.