Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд сануулах үе шат оруулсан нь энэ өөрчлөлтийн гол онцлог

Өнөөдөр тус яамнаас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, 2015 онд батлагдсан уг хууль 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үндсэндээ хоёр жил зургаан сарын хугацаанд үргэлжилж байна. Өнгөрөгч зургаадугаар сарын 30-ны статистик мэдээллээр 5.2 сая зөрчил бүртгэж, шийдсэн байна. Иргэд Зөрчлийн тухай хуулийг хүчингүй болгох, өөрчлөх тухай санал шүүмжлэл хэлдэг. Үүний шалтгаан нь 5.2 сая хүн гурван жил хүрэхгүй хугацаанд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл хүлээсэнтэй холбоотой.

Дийлэнх зөрчилд сануулах үе шат оруулсан нь энэ өөрчлөлтийн гол онцлог. Хүний амь нас, эрүүл мэндэд шууд хор хохирол учруулахааргүй зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтнууд 7-10 хоногт шаардлага өгч, сануулдаг болох юм. Хэрвээ заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд зөрчлийн харилцаа үүсэж, торгууль шийтгэл ногдуулна. Харин замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой төрлийн зөрчилд сануулах боломж байхгүй.

Бид нийт 2300 зөрчлийг дахиж шинээр томьёолно. Зарим төрлийн зөрчлийг нэгтгэж, давхардлыг нь арилгана. Энэ нь Зөрчлийн тухай хуульд “зөрчил” гэж томьёолж оруулсан зүйлээ эргэн харж, эрх зүйн онол талаас нь шинээр найруулж бичнэ гэсэн үг. Түүнээс биш бусад хууль руу буцаан оруулах тухай ойлголт биш гэдгийг хэлэх нь зүйтэй.

Монгол Улсад дэг журам тогтоож байгаа хоёр хууль байдаг нь Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль. Нийгэмд харьцангуй бага хор хохирол учруулж байгааг нь зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг бол нийгэмд илүү хор хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг талаар онцоллоо.

Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга  Ү.Содномцог “Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт ба прокурорын хяналт”, Цагдаагийн ерөнхий газрын Зөрчил  шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат “Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх  тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал”, тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 30 гаруй байгууллагын 150 гаруй төлөөлөл болон иргэд оролцов.