Дотоод хэргийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Байлдааны гавьяаны одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.

Хичээлийн шинэ жилийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Х.Нямбаатар, Дэд сайд, Бригадын генерал С.Баатаржав нар оролцлоо. Салбарын сайд хэлсэн үгэндээ “Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь улс орны хөгжлийн түлхүүр юм. Монгол Улсын Засгийн газраас эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих замаар үндэсний хэмжээний “Судалгааны их сургууль”-ийг хөгжүүлэх, Монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн дэлхийд өрсөлдөх “Монгол хүн”-ийг бэлтгэхэд боловсролын бодлого, үйл ажиллагааг чиглүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэв.

Дотоод хэргийн их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлж, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх зорилгоор “Спорт цогцолбор-номын сан”-гийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019-2020 онд барьж, өнгөрсөн 8 дугаар сард ашиглалтад оруулсан. Тус барилга нь дотроо ердийн болон гүний гэсэн 2 төрлийн бассейнтай. Онцгой байдлын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гал түймэр унтраах, аврах 3, 4 дүгээр зэрэглэлийн сургалт, дадлагыг зохион байгуулах юм. Энэхүү “Спорт цогцолбор- номын сан” нь 1200 суралцагчид зэрэг үйлчлэх хүчин чадалтай..

Тус сургууль сүүлийн жилүүдэд сургалтын үйл ажиллагааг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, материаллаг баазыг эрчимтэй нэмэгдүүлэх, суралцагчдын суралцах таатай орчин бүрдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд тус сургуулийн 3500 гаруй суралцагчийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, чанарт ахиц гарах нөхцлийг бүрдүүлээд байна.