Дотоод хэргийн их сургуулийн 2150 багш, албан хаагч, сонсогч дүүргийн цагдаагийн газар, хэлстүүдэд хүч нэмэгдүүлэн эргүүл, хамгаалалтад ажиллаж байна

Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүн Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.Үүнд:
  • Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Их сургуулийн хэмжээнд бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий “Шуурхай удирдлагын штаб”-ын бүрэлдэхүүнийг томилон, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Ахлагчийн сургууль, Шинжлэн магадлахуйн институтын 2150 багш, албан хаагч, сонсогчийг Нийслэлийн зургаан дүүргийн Цагдаагийн газар, хэлтсүүдэд хуваарилан, хүч нэмэгдүүлэн эргүүл, хамгаалалтад ажиллуулж эхлээд байна.
  • 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 23:30 цагт Их сургуулийн нийт бие бүрэлдэхүүнийг “Цугларалт” дохиогоор ажиллуулан, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө, зарлан мэдээллэх журмыг тодотгон гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулж, бие бүрэлдэхүүнийг коронавируст /КОВИД-19/-ын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тандалт, судалгааны ажилд татан оролцууллаа.
  • Их сургуулийн захирлын “Хүч нэмэгдүүлэн хамгаалалтад шилжүүлэх тухай” А/245 дугаар тушаалаар хоногийн харуул, манааг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжүүлж, багшлах бүрэлдэхүүн, сонсогч, суралцагч болон иргэдийг 2020 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрийг хүртэлх хугацаанд Их сургуулийн байрлалд нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж, хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.