Хил хамгаалах ерөнхий газраас үүссэн цагийн байдлын үед ажиллах бэлэн байдлыг хангаад байна

“Бүх нийтийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх нэмэлт арга хэмжээний тухай” тус  газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан 01 дүгээр захирамжийн дагуу хэрэгжилтийг ханган ажиллаж байна.Үүнд:
  • Хилийн отряд /анги/, тусгай салбарын гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн II ээлжинд үүрэг гүйцэтгэх томилгоот бүлгийн бүрэлдэхүүнийг томилгоожуулж, үүссэн цагийн байдлын үед ажиллах бэлэн байдлыг хангасан.
  • Алба, үйл ажиллагааг нэгтгэн удирдах зорилгоор Хил хамгаалах ерөнхий газарт “Ажиллагааны удирдлагын бүлэг”, хилийн анги, тусгай салбарт “Удирдлагын бүлэг”-ийг томилгоожуулж, 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд байнгын байрлалд байрлуулан үүрэг гүйцэтгүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан.
  • Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хэрэгслийг хялбаршуулсан журмаар шалган нэвтрүүлж байна.
  • Бие бүрэлдэхүүнд коронавируст цар тахлын халдварын талаар үнэн зөв мэдээлэл өгөх, эрсдлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг Хил хамгаалах байгууллагын веб сайтад байршуулж, хилийн анги, тусгай салбаруудад онлайн, Хил хамгаалах ерөнхий газарт дотоод сүлжээ ашиглан шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж байна.
  • Цар тахлын үед үүрэг гүйцэтгэх хилийн анги, тусгай салбарын эмч, эмнэлэгийн ажилтнуудыг томилгоожуулж, шаардлагатай тохиолдолд улсын болон аймаг, нийслэлийн онцгой комиссын мэдэлд шилжүүлэн, үүрэг гүйцэтгүүлэх бэлтгэлийг хангасан.
  • Хил хамгаалах байгууллагын хэмжээнд халдвар хамгааллын хувцас, хэрэглэл, ариутгалын бодис, эм, эмнэлгийн хэрэгслийг татан авч, хангалт зохион байгуулан, бүх төрлийн материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
  • Байгууллагын үйл ажиллагааг ажлын тусгай горимд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс шилжүүлж, алба, үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүний ажлын байрны нягтралыг багасгах, жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй алба хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцлийг бүрдүүлсэн.
  • Хил хамгаалах ерөнхий газар, хилийн анги, салбарт гаднаас нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож, санал хүсэлт, архивын лавлагааг цахим болон үүрэн холбооны утсаар авч, шийдвэрлэж байна.