Цагдаа, дотоодын цэргийн байгууллага бүрэн бүрэлэхүүнээрээ үүрэг гүйцэтгэж байна

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02.00 цагаас эхлэн Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэргээс нэгдүгээр зэрэгт шилжүүлж, анги, байгууллагын Шуурхай удирдлагын штабын бүрэлдэхүүнийг оролцуулан цахим хурал зохион байгуулж, холбогдох шийдвэр, зөвлөмжүүдийг хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.  Үүнд:
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үүрэг бүхий Шуурхай удирдлагын штабыг энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01.50 цагаас байнгын ажиллагаанд шилжүүлж, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газартай онцлог мэдээ, мэдээллийг 2 цаг тутам солилцож байна.
  • Улсын онцгой комиссын хуралдаанаас өгсөн үүрэг ажлын чиглэлийн дагуу Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын талаар худал мэдээ, мэдээлэл тараасан, бусдыг уриалсан зэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, халдвар, хамгааллын хавьталттай иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү татан авах ажиллагааг зохион байгуулах, тусгаарлах байруудын үйл ажиллагааг шалган зааварчлах, хүнсний зах, худалдааны төвүүдэд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл ажиллуулж, хяналт тавих, алба хаагчдын хоол, халдвар хамгааллын хувцас, тээврийн хэрэгслийн шатах, тослох материалын тооцоог гаргаж, хангалт хийх ажлыг алба, нэгжийн дарга нарт хариуцуулан, удирдлага зохион байгуулалтаар хангасан.
  • Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын дагуу нийслэлээс гарах хот хоорондын зорчигч тээврийн болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэргийн хөдөлгөөнийг энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02.00 цагаас 13-ны өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд түр зогсоосон, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 17-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд шилжүүлсэнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнд 3 удаа үүрэг, ажлын чиглэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
  • Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нутаг дэвсгэрийг бүсчлэн хаах, зорчигч тээврийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь, зураглалын дагуу орон нутагт 157, нийслэлд 35, нийт 192 хяналтын цэгт цагдаагийн байгууллагын 383 /хяналтаар 22 алба хаагч/ алба хаагч, 153 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.
  • Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, бэлэн байдлын дэглэм сахиулах зорилгоор энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас нийслэлийн 6 дүүргийн 158 хороонд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас  2376, Дотоод хэргийн их сургуулиас 2279 алба хаагч, сонсогч, Нийслэлийн онцгой байдлын газраас 229, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 308, нийт 5192 алба хаагч, ажилтан, 120 тээврийн хэрэгсэлтэйгээр эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгүүлж байна.
  • Увс, Ховд, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хэнтий, Баян-Өлгий, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүхбаатар, Дорнод, Говь-Алтай, Дундговь аймгийн Засаг дарга нарын захирамжаар тухайн нутаг дэвсгэрт орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан. Энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр нийслэл хотоос 1214, орон нутгаас 1794, нийт 3008 тээврийн хэрэгслээр 7712 иргэн гарч, улс, аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу нийслэл хотод 4465 тээврийн хэрэгсэл, 11194 иргэнийг шалган нэвтрүүлсэн.
  • Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан улсын хэмжээнд хэв журам сахиулах чиглэлээр явган эргүүлийн 369 чиглэлд 724, машинт эргүүлийн 73 чиглэлд 147 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
  • Монгол Улсад коронавируст халдвар илэрсэнтэй холбогдуулан олон нийтийн сүлжээ, цахим хуудаст нийтлэгдсэн 16 гомдол, мэдээлэлд 16 иргэнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.
  • Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ-7702 агаарын хөлгөөр ирсэн нийт 146 зорчигч /138 хүн, 8 хүүхэд, үүнээс 12 гадаадын иргэн/-ийг тусгаарлан ажиглах байруудад хүргэх үеийн хамгаалалтад 33 алба хаагч, 5 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн.
  • Цагдаа, дотоодын цэргийн 13 анги, байгууллагад хамгаалах хувцас 1165, нүүрний хаалт 380, нүдний шил 350, нэг удаагийн амны хаалт 5500, N95 стандартын амны хаалт 205, бээлий 6600, халуун хэмжигч 3, автомакс шүршигч 3, жавелин 22, 300гр-ын гар ариутгагч 269 ширхэг, гар ариутгагч 35, спирт 295 литрийг тус тус хуваарилан олгосон.
  • Халдварт өвчин судлалын Үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх 30 цэгт үүрэг гүйцэтгэж байгаа 101 алба хаагчид 3 хоногийн хэрэгцээнд шаардагдах хамгаалах хувцас, хэрэглэл, халдваргүйтгэлийн бодис, халуун хоол, цай зэргээр хангаад байна.