Шүүхийн шинжилгээний байгууллага амбулаторийн үзлэг, шинжилгээг богиносгосон цагаар хийж байна

Монгол Улсын Засгийн газар, Улсын болон Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд коронавируст халдвар /COVID-19/-ын үед болзошгүй аюулаас сэргийлэх бэлэн байдлын тусгайлсан төлөвлөгөөг шинэчилж, “Гамшгийн үеийн орон тооны бус штаб”-ыг байгуулан холбогдох нэгж, албан хаагч, ажилтнуудад хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.Үүнд:
  • Амбулаторийн үзлэг, хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, шинжилгээг ажлын богиносгосон цагаар буюу 09:00-18:00 цагийн хооронд хийхээр шийдвэрлээд байна. Харин бэлгийн холбогдолтой гэмт хэргийн үед хүчингийн хэргийн хохирогч зэрэг яаралтай үзлэг, шинжилгээнд хамрагдах тохиолдолд дээрх цагийн хязгаарлалт хамаарахгүй юм.
  • Коронавирус /COVID-19/-ийн сэжигтэй байдлаар нас барсан байж болзошгүй тохиолдолд эхлээд мэргэжлийн байгууллагад /ХӨСҮТ/ хандаж шийдвэрлэсний дараа шинжээч, мэргэжилтнүүдийг хэргийн газрын үзлэгт оролцуулж байх талаар Цагдаагийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлэн хамтран ажиллаж байна.
  • Аймгийн шүүхийн шинжилгээний албадууд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, албан хаагч нарт сэрэмжлүүлэг тараах, амны хаалт, хамгааллын хувцас хэрэглэлээр бүрэн хангах, албаны хэмжээнд халдваргүйтлийн нөхцөлийг бүрдүүлж ажиллах чиглэлийг өгсөн.
  • Тус байгууллагын хэмжээнд ажиллаж байгаа жирэмсэн эхчүүдийг богиносгосон цагаар ажиллуулж эхэлсэн бөгөөд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-12 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асрах хүсэлт гаргасан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгож, гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангаж байна.
  • Жижүүрийн бүрэлдэхүүнд гарч байгаа албан хаагчдын эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах зорилгоор халдвар хамгааллын нэг удаагийн бүрэн хэрэгсэл буюу амны хаалт /95 хувь шүүдэг 3M 9210 N95/, бээлий, битүү өмсгөл бүхий нэг удаагийн халаад, гутлын уут, 70 хувийн денатурат спирт, гелээр тухай бүр хангаж байна.
  • Жижүүрийн шуурхай албаны автомашины бүрэн бүтэн байдлыг өдөр бүр шалгаж, жижүүрийн үүрэг гүйцэтгэж буй жолооч нарт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгааг тухай бүр өгч, дуудлаганд явсан автомашиныг 0,03 хувийн жавелионы уусмалаар шүршиж гадаргууг халдваргүйжүүлэх ажлыг хийж байна.
  • Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/505 дугаар тушаалаар баталсан “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах тухай заавар”-ын дагуу “Элемент” ХХК-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд хог цуглуулах цэгийн байршлыг өөрчилж, ахуйн хог хаягдал, халдвартай хог хаягдлыг ялган ангилж, хогийн савыг тухай бүр халдваргүйжүүлж байна.
  • Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/537 дугаар тушаалаар батлагдсан “Хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх заавар”-ыг баримтлан Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын угаалгын хэсэгт үйлчилгээний ажилтан нарын хөдөлмөр хамгааллын хувцсыг тухай бүр угааж, малгай, халаад, амны хаалт, бээлий, комбинзон, гутал, улавч зэргээр хангаж байна.