Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав хөл хорионы үед онцгой үүрэг гүйцэтгэж байгаа зарим харьяа байгууллагуудад ажиллав

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тус яамны харьяа Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид болон сонсогчид онцгой үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн Засгийн газар, Улсын онцгой комисс болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд гамшгийн үед урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аюулгүй байдлыг хангах, харьяа анги, байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Шуурхай штабыг байгуулж, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг тухай бүр шуурхай авч ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Дэд сайд С.Баатаржав Монгол Улсад короновируси халдварт (COVID-19) цар тахлын тохиолдол, хавьтлын тоо нэмэгдэж байна. Хорих анги, байгууллагад халдвар тархах нь байгууллага, алба хаагчийн шууд хариуцлагаас ихээхэн хамаарна. Иймээс Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг чанд биелүүлж ажиллах хэрэгтэй. Хөл хорионы энэ үед алба хаагчдын бие, сэтгэл зүйн бэлтгэл хангагдсан байх шаардлагатай. Аль ч тохиолдолд халдварын эрсдэлд орохгүй, халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэртэй, зөв зохион байгуулж, нөөц хүч хэрэгслийг бүрдүүлсэн байх хэрэгтэй гэдгийг онцгойлон анхааруулаад төрөөс авах хангалт үйлчилгээг тасалдуулахгүй зохион байгуулж, алба хаагч болон хоригдол, хоригдогсдийн дархлааг дэмжих амин дэмтэй нэмэгдэл хоол, хүнс олгохыг даалгасан юм.

 

 

Цагдаагийн ерөнхий газарт

Дэд сайд дараа нь Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж, цагдаагийн байгууллагын шуурхай штабын ажил, үүрэг хэрхэн явагдаж байгаатай танилцлаа.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болд үүссэн цагийн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь, зураглалын дагуу бүрэн хэмжээнд явагдаж байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, мэдээ, мэдээллийг 2 цаг тутам солилцон ажиллаж байна. Иргэдийн зүгээс  төр засгийн бодлого шийдвэрийг үл хайхрах, үүргээ ухамсарлахгүй байх хандлага нэлээдгүй байна. Энэ нь үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад багагүй хүндрэл бэрхшээл учруулж байна гэв.

Дэд сайд Халдвар, тархалтын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагын зүгээс цаашид цар тахлыг дотооддоо хумих боломж нөхцөл ямар байна, энэ хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний бодитой саналаа Засгийн газар, Улсын онцгой комисст яаралтай тавих хэрэгтэй. Мөн цагдаагийн алба хаагчид болон хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байгаа Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын эрүүл мэнд, халдварт өртөхгүй байх тал дээр онцгой анхаарч ариутгал, халдваргүйжүүлэлтийн хувцас хэрэглэл, амин дэмтэй хоол хүнсээр хангаж,  ажлын ачааллыг маш сайн тэнцвэржүүлэх хэрэгтэй гэдгийг хэллээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хөл хорионы энэ үед Цагдаагийн байгууллагын 5000 гаруй алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Тэд Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх, хөл хорио тогтоосон бүсэд орох, гарах тээврийн хэрэгсэл, хүн, мал, амьтны хөдөлгөөнийг хязгаарлах, тусгаарлах байруудад хяналт тавих, үүссэн нөхцөл байдлын талаар ташаа мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлэх үйлдлийг таслан зогсоох, олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирах зэрэг гэмт үйлдэл гаргасан иргэдийг хуулийн хүрээнд шалгаж хариуцлага тооцох, ард иргэдэд шаардлага тавьж, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэх чиглэлээр ажиллаж байгаа юм.