Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэллээ

1998 оноос хойш мөрдөгдөж байсан Архивын тухай хуулийг Монгол Улсын өнөөгийн нийгмийн цаг үе, нөхцөл байдал, орчин үеийн чиг хандлагатай уялдуулан зайлшгүй шинэчлэх шаардлага бий болсон. Тиймээс ОХУ, АНУ, Япон, БНХАУ, Эстони, ХБНГУ зэрэг архив, албан хэрэг хөтлөлтийн талаар олон арван жилийн түүх, соёлтой улс орнуудын хууль тогтоомж, олон улсын стандартыг харьцуулан судлахын зэрэгцээ өөрийн орны архив, бичиг соёлын түүхэн уламжлал, архивын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд гарч буй ололт, амжилт, туршлагад тулгуурлан 22 жилийн дараа хуулийн төслийг шинэчлэн найруулсан юм.

Дээрх хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан бөгөөд 7 бүлэг 51 зүйлтэй. Үндэсний архивын сан хөмрөгт хамаарах түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой бүх төрлийн баримтаар төрийн архивын сан хөмрөгийг бүрдүүлэх, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, тоо бүртгэл хөтлөх, хадгалах, хамгаалах, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах үйл ажиллагаа болон тэдгээрт хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.

Мөн хуулийн гол үзэл санаа нь албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулахаар тусгасанд оршиж байгаа бөгөөд баримт бичигтэй ажиллах талаар төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, үндэсний архивын сан хөмрөгт хамаарах баримтын зэрэглэл тогтоох, тоо бүртгэл-мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, цахим албан хэрэг хөтлөлт, цахим архивын талаарх хэм хэмжээг шинэчлэх зохицуулалтыг тусгаж өгсөн. Ингэснээр архивын үйл ажиллагаа улсын хэмжээнд нэгдсэн тогтолцоогоор явагдах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Түүнчлэн шинээр төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуй нэгжийн архивын баримтыг хадгалах үйлчилгээг бий болгох, төрийн архивын мэргэжлийн, мэргэшсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор мөнгөн урамшуулал олгох талаар тусгасан нь ажилтнуудын нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх чухал алхам бий болох юм.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Компанийн тухай, Төрийн бус байгууллагын тухай, Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний тухай, Тагнуулын байгууллагын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай, Нотариатын тухай, Барилгын тухай, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай, Зөрчлийн тухай зэрэг 16 хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.

“Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль”-ийн  дэлгэрэнгүйг доорх линкээр орж үзнэ үү.
https://www.legalinfo.mn/law/details/15370?lawid=15370