Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд анхдугаар Үндсэн хуулийн эхийн хуулбарыг заллаа

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Архивын ерөнхий газар хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан анхдугаар Үндсэн хуулийн эхийн хуулбарыг өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн ордны Хүндэтгэлийн танхимд заллаа.

          Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах, Үндсэн хуулийн цэцийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж  Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатарыг Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав.

          Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж,  халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.

          Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт өдгөө Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа юм.