“Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчин” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яам “Нээлттэй Нийгэм Форум” ТББ, Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН-тэй хамтран өнөөдөр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчин” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Тодруулбал, хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас санаачлан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хууль, Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжуудыг шинэчилэн найруулахаар болсон.

      Үүний дагуу тус яамнаас хуулийн төслийг боловсруулж, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтээс санал авах зорилгоор өнөөдрийн энэхүү цахим хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Тус цахим хэлэлцүүлэгт 100 гаруй төлөөлөл оролцлоо.