Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай анхдагч хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж үг хэлсэн. Тэрээр “Монгол Улсад өнөөдөр хүний хувийн нууц мэдээллийг хамгаалах эрх зүйн орчин хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл байгууллага, аж ахуйн нэгж хүний хувийн мэдээллийг урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авахгүй цуглуулдаг, хүний хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашигладаг тохиолдлууд олон байна. Мөн хүний хувийн мэдээлэл хариуцаж, боловсруулж байгаа этгээдийн мэдээллийн эзний өмнө хүлээх үүрэг, хориглох зүйлийг нарийвчлан тогтоогоогүйгээс зөрчил үүссэн тохиолдолд хариуцлага тооцох боломжгүй. Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах харилцаанд тавих байгууллагын хяналтын талаар тодорхой зохицуулалт байхгүй зэрэг олон тулгамдсан асуудлыг энэхүү хуулиар зохицуулахыг зорьж байна гэлээ.Мөн энэ үеэр Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн төсөл,  Өмгөөллийн Номин энд Адвокатс ХХК-ийн Удирдах партнер О.Номинчимэг “Хувь хүний нууц, холбогдох мэдээллийг хамгаалах харилцааг зохицуулж буй эрх зүйн орчин болон практик судалгаа”-ны талаар танилцууллаа.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах, мэдээллийн эзний эрх, үүрэг иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах, хүний хувийн мэдээлэл хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагын чиг үүрэг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах тохиолдол болон хориглох зэрэг хүний хувийн мэдээлэлтэй холбоотой олон чухал зохицуулалтуудыг тусгасан.

Ингэснээр хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах, хүний хувийн мэдээллийг тодорхой нөхцөл, зорилготойгоор, хуульд заасны дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах эрх зүйн үндэс бий болох төдийгүй хүний хувийн мэдээллийг зүй зохистойгоор ашиглах боломжийг зааж өгөх, мөн хүний хувийн мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлж, хүний эрхийн баталгаа дээшилнэ гэж үзэж байгаа юм.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай анхдагч хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын нийт 40 гаруй төлөөлөл оролцож, санал хэлэлцүүллээ.