Монгол Улсын Үндсэн хуульд заасан, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах эрх зүйн орчин сайжирна

Тус яамнаас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.02.26/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хуулийн төслийн талаар танилцуулга хийв. Тэрээр одоо мөрдөгдөж байгаа Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн мэдээллийг ил тод байлгах асуудлыг, Шилэн дансны тухай хуулиар төрийн байгууллагуудын төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, тэдгээртэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байх харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжилтийн хувьд учир дутагдалтай буюу хуулийг агуулгын хувьд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.

Тухайлбал, төрөөс ил тод байлгах мэдээллийн талаар хангалттай эрх зүйн зохицуулалтгүйгээс төрийн байгууллагууд нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг “албаны нууц”-д хамааруулан тогтоох боломжтой байгаа нь иргэний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон мэдээлэл авах эрх хөндөгдөхөд хүрч байна. Мөн иргэн, хуулийн этгээд нь төрөөс бий болгосон нээлттэй өгөгдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр бий болгохдоо ашиглах боломжийг нээх,  төр өөрт байгаа мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаарддаг байдал одоог хүртэл байсаар байгааг халах зайлшгүй шаардлага урган гарч байна.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны цахимжилт эрчимжиж, технологи нэвтрүүлэх ажил Засгийн газрын тогтоолоор хэрэгжиж, ахицтай байгаа ч хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн уялдаа сул, мэдээллийн технологийн сонголт, хоорондын нийцэл, санхүү, эдийн засгийн үр ашгийн байдлыг үнэлж, дүгнэх болон мэдээллийн сангийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх ажиллагаа хийгдэхгүй байгаа нь хууль, эрх зүйн орчны хувьд дутагдалтай байгаа юм.

Иймд дээрх хууль зүйн болон практик шаардлага, судалгаа, тайлан, зөвлөмжид тулгуурлан өнөөгийн нийгэмд үүсээд байгаа тодорхой олон асуудлыг энэ хуулиар цогцоор нь шийдвэрлэхээр зохицуулсан талаар танилцуулав.

Мөн Цахим хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Тэнгис Нийтийн мэдээллийн дэд бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлэгт төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд төгсгөлд нь саналаа хэлж, асуулт, хариулт явууллаа.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар:

  • Төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал сайжирна.
  • Иргэн, хуулийн этгээдийн хувьд төрийн мэдээлэл, үйлчилгээг төрийн байгууллагад биечлэн хандаж авахаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахим хэлбэрээр авах боломж бүрдэнэ.
  • Төрийн мэдээлэл, үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг байсан зардал болон цаг хугацаа нь хэмнэгдэнэ.
  • Нээлттэй өгөгдлийн тусламжтай шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, олон нийтийн хүртээл болгох боломж нээгдэнэ.
  • Үндсэн болон дэмжих системээс олгогдох цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин бүрдэнэ. /“Хур” систем, “Е-mongolia”/
  • Үйлчилгээ үзүүлэхдээ нийтийн мэдээллийн системд байгаа мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс төр шаардахгүй байх эрх зүйн орчин бүрдэнэ.
  • Төрийн байгууллагуудын хувьд төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж үйл ажиллагааны шинэчлэл, инноваци, мэдээллийн систем, тооцоолон бодох техник хэрэгслийн нөөцийн удирдлага, төлөвлөлт сайжирна.
  • Төрийн мэдээллийн сан, системийн төлөвлөлт, үнэ цэнэ, чадавх өсч, хариуцлага, ил тод байдал дээшилнэ.
  • Төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулснаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд дахин инженерчлэлийг хэрэгжүүлж, удирдлагын шинэчлэл, мэдээлэлд суурилсан эдийн засгийн шинэ салбар үүсэн хөгжих боломж нэмэгдэнэ.
  • Иргэдийн төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэж, төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж нэмэгдэнэ.
  • Монгол Улсын Үндсэн хуульд заасан, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах эрх зүйн орчин баталгаатай бүрдэнэ гэж хууль санаачлагчдын зүгээс үзэж байгаа юм.