“БИ жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг БАЙНА” аянд нэгдлээ

Жендэрийн үндэсний хорооноос Монгол цэргийн өдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдрийг тохиолдуулан Жендэрийн тогтсон хэвшмэл буруу ойлголт, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтын эсрэг, бүгдээрээ тэгш эрх, тэгш оролцоотой нийгмийг бүтээхийн төлөөх “БИ жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг БАЙНА” аяныг зарласан бөгөөд тус аянд хууль зүйн салбарынхан нэгдлээ.

Жендэрийн ялгаатай байдлаас нийгэмд үүсэх үр дагавар өөрөө ядуу дорой байдал, аливаа ялгаварлал, ялгаварлан гадуурхалтыг үүсгэж улмаар үл хайхрах, гадуурхах, хүчирхийлэх зэрэг хүний эрхийн зөрчлийг бий болгож байдаг. Жендэрийн тухай хэвшмэл ойлголт (ташаа ойлголт) бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн чадвар чадавхын талаар хүмүүст тогтсон үзэл бодол юм. Тухайлбал, өрх гэрийн хүрээнд эмэгтэй хүн гэрээ цэвэрлэх ёстой, нөхөртөө, хүүхдэдээ хоол хийж өгөх ёстой гэх зэрэг байдлаар илэрдэг.

Жендэрийн хэвшмэл үзэл, ойлголт, ялгаатай үнэлэмж нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага, эрх хэмжээг хязгаарлах төдийгүй эрх мэдлийн, хөрөнгө нөөцийн, нийгэмд эзлэх байр суурийн ялгавартай байдлыг үүсгэх үзэл санааны эх үндэс болдог байна. Иймээс нийгэмд бүгд эрх тэгш амьдаръя гэвэл бүгдийнх нь оролцоо хэрэгтэй.

Жендэр бол нийгмийн аль нэг бүлгийн тухай асуудал биш.

Жендэр бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш.

Жендэр бол эрэгтэй, эмэгтэй хүн амын тоог тэгшитгэх оролдлого биш.

Жендэр бол товчхондоо танд, таны гэр бүлд хамаатай бөгөөд нийгэмд хэнийг ч үл орхигдуулахгүй гэсэн ойлголт мөн.

Тиймээс “БИ жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг БАЙНА” аянд ТА Ч БАС НЭГДЭЭРЭЙ.