Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу олон нийтийн цагдаа нарт урамшууллыг олголоо

Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих үеэр ажилласан олон нийтийн цагдаа нарт Монгол Улсын Засгийн газраас урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр олон нийтийн цагдаа нарын төлөөлөлд урамшууллыг гардууллаа.

Энэ үеэр салбарын сайд Х.Нямбаатар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгох зорилт тавьсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах ажилд олон нийтийн цагдаа та бүхэн хоёргүй сэтгэлээр зүтгэж, чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархаж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Уг хууль батлагдсанаар цагдаагийн байгууллага иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, мөн нутгийн захиргааны бүх шатны байгууллагын хүлээх үүрэгт харьяа нутаг дэвсгэрт орчны аюулгүй байдлыг хангах, хяналт тавих гэх мэт зохицуулалтыг тусгаж өгсөн. Ингэснээр цагдаагийн байгууллага, олон нийтийн цагдаа, хамтарсан багийн үйл ажиллагаа илүү шуурхай болж өргөн хүрээнд хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ. Цаашид бид олон нийтийн цагдаагийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах, үйл ажиллагааг сайжруулах чиглэлд илүү анхаарч ажиллана гэдгийг онцлоод, ажлын амжилт хүслээ.