Цагдаагийн алба хаагчийн үйлсийг мөнхжүүлэх “ГЭРЭЛТ ХӨШӨӨ”-ний загварыг бүтээлээ

Мөрдөн байцаах алба, Экологийн цагдаагийн алба хамтран Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь насаа алдсан алба хаагчийн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор “Гэрэлт хөшөө”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгохоор ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд 13 уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс МУЭ-ийн гишүүн зураач, барималч, МУСТА Ж.Дүүрэнтөгсийн загвар хөшөөний бүтээл сонгогдлоо.

Хөшөөний ерөнхий харагдах байдал нь тэнгэр өөд цойлсон шонхор шувууны дүрс бүхий хананд Монгол Цагдаагийн ёсолгоо бүхий дүр байна. Энэ нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн Монгол цагдаа үүргээ гүйцэтгэж яваад гэр орон, хань ижил, үр хүүхдүүд, журмын нөхдийнхөө сэтгэлд зайгаа үлдээн, эр зоригийн дууль болон тэнгэрт одсоныг өгүүлнэ. Энэ хоосон дүрслэл дундуур нар салхи, агаар хур нэвтрэн байх нь амьд бөгөөд мөнх чанарыг илтгэх аж.

Хөшөөний сууринд дурсгалыг мөнхжүүлсэн бичээс, тайлбарыг сийлэх юм.