Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш, албан хаагчид Олон Улсын эрдэм шинжилгээний цахим хурлуудад оролцлоо

Дотоод хэргийн их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанаас Их сургууль болон ОХУ-ын Дотоод хэргийн яам, Онцгой байдлын яамны харьяа их, дээд сургуулиуд хоорондын сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хүрээнд олон ажил зохион байгуулдаг. 2021 оны 03 дугаар сард  Их сургуулийн 18 эрдэмтэн багш, албан хаагчийг  олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн хурал, уулзалт, семинаруудад  оролцууллаа.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Дорнод Сибирийн хуулийн дээд сургуулиас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан “Криминалистик, шүүхийн шинжилгээнд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Шинжлэн магадлахуйн институтийн захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулга, Криминалистикийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Б.Цолмон нар  оролцов.

Мөн ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Иргэний хамгаалалтын академиас 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан “Урьдчилан сэргийлэх, аврах, туслах” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ-практикийн бага хуралд Онцгой байдлын сургуулийн захирал, хурандаа Х.Сүхбаатар тэргүүтэй багш, албан хаагчдын төлөөлөл  оролцов. Энэхүү хуралд Дотоод хэргийн их сургуулиас гадна ОХУ, Азербайджан, Киргиз, Армени, Таджикистан зэрэг улсын ижил төрөл мэргэжлийн их, дээд сургууль, байгууллагын төлөөллүүд оролцож, харилцан туршлага судалсан юм.

Дотоод хэргийн их сургууль болон ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Уралын хуулийн дээд сургууль хооронд боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах  үйл ажиллагааны хүрээнд Уралын хуулийн дээд сургуулиас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын биеийн тамирын бэлтгэлийг сайжруулахад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт боллоо. Энэхүү уулзалтад Биеийн тамир, албаны бэлтгэлийн төвийн ахлах багш, хошууч А.Төмөр болон мөн төвийн ахлах багш, хошууч Х.Түвшинтөгс нар “Сонсогчдын бие бялдрын бэлтгэлжилтийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, амжилттай оролцлоо.