Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.27) хуралдаанаар  Засгийн газраас  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусгасан  гэдгийг  УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.