Салбарын санхүү, бүртгэлийн албан хаагчдын цахим сургалт боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан салбарын санхүү, бүртгэлийн албан хаагчдад зориулсан цахим сургалт /2021.06.22/ боллоо.

Энэхүү сургалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний  байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитын талаар Үндэсний аудитын газрын ахлах аудитор Ж.Болормаа мэдээлэл хийж, зөвлөмж өглөө. Мөн төсвийн байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан бэлтгэхэд анхаарах асуудлуудын талаар Сангийн яамны Төрийн сангийн газрын мэргэжилтэн Л.Эрдэнэбадрах, ХЗДХ-ийн Сайдын эрхлэх асуудлын хүрээний  харьяа агентлаг, байгууллагын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын зөвлөмжийн талаар тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын шинжээч Б.Болормаа нар танилцуулга, мэдээлэл хийв.

Сургалтын нээлтийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Хосбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагууд 2021 оныг “Санхүүгийн  бүртгэл, төлөвлөлт, хяналтыг цахимд шилжүүлэх, аудитын болон санхүүгийн тайлангийн алдаа зөрчлийг давтахгүй ажиллах” жил болгон зорилт дэвшүүлсэн. Бид энэхүү зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд салбарын санхүү, бүртгэлийн нийт ажилтнууд та бүхний оролцоо чухал. Иймээс цаашид хийж, гүйцэтгэж буй ажлаа илүү чанартай, үр дүнд хүргэхийн төлөө ямагт хичээж ажиллах шаардлагатай байна. Сахилга хариуцлагыг дор бүрнээ дээшлүүлж, үйл ажиллагаандаа санхүү бүртгэлийн олон улсын болон дотоодын стандартууд, хууль эрх зүй, холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан журам зааврыг чанд мөрдөж ажиллахыг онцоллоо.

Тус цахим сургалтад салбарын санхүү, бүртгэлийн төв, орон нутгийн нягтлан бодогч, нярав, дотоод аудитор, төлөвлөлт, худалдан авах ажиллагаа хариуцсан нийт 500 гаруй албан хаагчид хамрагдаж, ажлын ололт амжилт, тулгамдаж буй асуудлынхаа талаар санал солилцлоо.