МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100, Дотоодын цэргийн 99 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан улс нийгэм, ард иргэдийнхээ аюулгүй байдал, энх амгаланг сахиулах үйлсэд мэдлэг ур чадвар, бие сэтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, алба хаагч, ажилтнууд Та бүгдэд болон гэр бүлд нь чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

Анх 1865 онд Арван тавны цагдаагаас сууриа тавьж, 1921 онд Ардын хувьсгал ялсны дараахан Ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэргийн салаа” нэртэйгээр байгуулагдан өдгөө нэгэн зууны түүхэн ойтойгоо золгож байна.
Монголын цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нэгэн зууны хугацаанд эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр шинэлэг санал, санаачилга гарган ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгааг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албан хаагчид нь дэлхийн халуун цэгүүдэд Нэгдсэн Үндэстний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцож, олон улсын мэргэжил нэгт нөхдийн хамт улс орнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тэдгээр ард түмний энх амгалан, амар тайвны төлөө хамтран ажиллаж, мэргэжлийн ур чадвар, чадавх нь олон лусын түвшинд үнэлэгдэж байгаад баяртай байна.
Цаашид Та бүхэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахдаа хуулиа дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, шударга ёсыг эрхэмлэн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүндээ эрүүл энх, сайн сайхан бүхний хүсэн ерөөе.
Монгол цагдаагийн байгууллага олон түмнийхээ өмөг түшиг нь байж, хараа хурц, мэлмий нь тунгалаг байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР