Шүүх шинжилгээний тухай хуулийн төсөлд санал авч байна

Тус яамнаас Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн байгууллага, төрийн бус байгууллага, их дээд сургууль, судалгааны байгууллага болон иргэд, олон нийтээс санал авч байна.

Энэхүү хуулийн төслөөр шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршигт үнэлгээ тооцох, шүүх шинжилгээ хийх эрх олгох үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах юм.

Тухайлбал, шүүх шинжилгээний нийтлэг журмыг боловсронгуй болгож, шинжилгээний хэлбэр, төрлийг шинээр тодорхойлж, мэдээллийн сан үүсгэх, ашиглалт, хамгаалалт, онцлог төрлийн шинжилгээний журмыг тодорхойлж, шинжилгээ хийх хугацааг тодорхойлохдоо шинжилгээний жишиг хугацааг баримтлахаас гадна хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг шүүх шинжилгээний байгууллага голлон тогтоож, шинжилгээг хийх, мөн Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох зэрэг хэд хэдэн онцлог зохицуулалтыг тусгахыг зорьж байна.

Энэ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүхийн шинжилгээ хийх үйл ажиллагаа нь цогц байдлаар зохицуулагдахаас гадна шүүх шинжилгээний хараат бус байдал, ил тод ажиллах зарчим, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, шүүх шинжилгээний үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, шинжилгээг бүрэн, бодитой шинжлэх ухааны үндэслэлтэй хийх боломж бүрдэж, шүүхийн шинжилгээний чанар сайжирна гэж үзэж байна.

Хуулийн төсөлтэй доорх линкээр орж танилцан, саналаа өгнө үү.

 https://mojha.gov.mn/wp-content/uploads/2021/09/%D0%A8%D0%A8%D0%A5%D0%A22021.09.01.pdf