Төрийн архивуудын улсын үзлэг эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/173 дугаар тушаалаар төрийн архивуудын улсын үзлэгийг энэ оны 3, 4 дүгээр улиралд багтаан зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу Архивын ерөнхий газрын дарга төрийн 37 архивын ажлыг дүгнэх үзүүлэлт, аргачлал, хуваарийг баталсан.

Тус улсын үзлэг батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр /2021.09.06/ Увс, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Говьсүмбэр аймгаас эхэлсэн бөгөөд тус арга хэмжээг нээж, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар үг хэллээ. Тэрээр комиссын бүрэлдэхүүн, ажиллах албан хаагчдад хандаж тодорхой үүрэг, чиглэлийг өгөөд хариуцлагатай, шударга, сахилга баттай ажиллахыг хэлсэн үгэндээ онцлов. Мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдвар (Ковид-19)-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зааврыг чанд мөрдөж, ажлаа өндөр хариуцлагатай зохион байгуулахыг үүрэг болголоо.

Улсын үзлэгийн нэгдсэн дүнг  2021 оны 12 дугаар сарын 25-ны дотор Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулах юм.