АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.09.21/ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Майкл С.Клечески тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Салбарын сайд олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтэд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байгаагаа илэрхийллээ. Мөн Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Хар тамхитай тэмцэх товчоотой хамтран хэрэгжүүлж буй ажлын амжилтыг цохон тэмдэглэв.

Энэ үеэр талууд дээрх хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой хууль эрх зүйн шинэтгэлийн бодлого болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан  буюу www.legalinfo.mn цахим хуудасны хөгжүүлэлтийн талаар ярилцаад,  цаашид хууль сахиулах чиглэлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлж, алба хаагчдын хооронд харилцан туршлага солилцох асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, мөн газрын мэргэжилтэн Т.Даваахүү, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Хосбаяр болон АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засгийн хэлтсийн дарга Жон Чен,  АНУ-ын ЭСЯ-ны Бүс нутгийн аюулгүй байдлын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Роберт Гүдэнкауф, АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн ажилтан Моора Обрайн-Али нар оролцлоо.