Дотоод хэргийн их сургууль Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Дотоод хэргийн их сургууль Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр (2021.10.13) гарын үсэг зурлаа.

Хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд алба хаагчдыг мэргэшүүлэн сургах, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа болон бусад чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар: “Манай Их сургуулийн эрдмийн хамт олон Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн санамж бичиг байгуулж байгаад баяртай байна. Манай их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургууль Эрх зүй-Улсын бүртгэл судлал мэргэшүүлэх ангийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эхлүүлсэн. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдад шаардлагатай урт, богино хугацааны мэргэжлийн сургалт явуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцан туршлага солилцох боломж нээгдэж байна. Цаашид өргөн цар хүрээтэй хамтран ажиллах болно” гэдгийг онцоллоо.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан: “Дотоод хэргийн их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлж санамж бичиг байгуулж байгаадаа баяртай байна. Манай байгууллага сүүлийн жилүүдэд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, хөгжүүлэлт, бүртгэлийн үйлчилгээний цахимжилт дээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Бид мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх тал дээр илүү их анхаарч, одоо ажиллаж байгаа албан хаагчдад зориулсан тусгай хөтөлбөрийг ч бас  хэрэгжүүлэх бүрэн боломжтой боллоо” гэв.

Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар болон зарим алба, газрын дарга нарын төлөөлөл оролцлоо.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус газрын  дарга Д.Дэлгэрсайхан, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.Ариунболд, Бодлого төлөвлөлт дүн шинжилгээний газрын дарга Т.Гантөмөр болон албаны бусад  хүмүүс байлцав.

Уулзалтын дараа  Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд Дотоод хэргийн их сургуулийн  сургалтын орчинтой танилцсан юм.

Дашрамд дурдахад Дотоод хэргийн их сургууль нь Засгийн газрын 2016-2020, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн сургалтыг өргөжүүлэх чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүргийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын албан хаагчдыг мэргэшүүлэн сургах, “Эрх зүй” хөтөлбөрийн сургалтыг өргөжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.