“Дэлхийн дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Мандухай цэцэн хатан” кино зохиолын гар бичмэлийг үндэсний архивын сан хөмрөгт хүлээн авлаа

2005 онд Парис хотод болсон ЮНЕСКО-гийн Нэгдсэн чуулганы 33-р хэсэг дээр 10 дугаар сарын 27-ны өдрийг дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр болгохоор зарласан байдаг. Тэгвэл Архивын ерөнхий газар уг өдрийг 2013 оноос хойш эдүгээ 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү тэмдэглэлт өдөр болон Монгол Улсад худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монгол Кино урлаг үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2021.10.18/ Улсын Худалдааны гавьяат ажилтан, эдийн засгийн ухааны доктор (PhD) профессор А.Шагдарсүрэн, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Нагнайдорж нарын хувийн гаралтай баримтыг Үндэсний төв архивын сан хөмрөгт хүлээн авах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн нь улс төр, түүх эдийн засаг, уран сайхны “Гэрээ засаад төрөө засмуй”, “Торгууд хаант улсын түүхэн товчоо”, “Дөрвөн найраглал, дөрмөсөн хадмал” зэрэг 40 гаруй бүтээл туурвиж, 1999 оноос өнөөг хүртэл олон арван бүтээлүүдийг хэвлүүлж, эдийн засгийн салбарт тасралтгүй 50 гаруй жил ажиллажээ.

Тэгвэл Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Нагнайдорж нь Монголын уран сайхны болон баримтат 60 гаруй киноны ерөнхий найруулагч, “Төрийн сүлд” төсөл, “20-р зууны дэлгэц” телевизийн олон ангит нэвтрүүлэг, Улсын баяр наадмын ерөнхий найруулагч, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зураглаач, найруулагч Б.Балжиннямтай хамтран “Мандухай цэцэн хатан” киноны найруулагч зэрэг олон бүтээл дээр ажилласан байна.

Тэрээр энэ үеэр тус киноны  ерөнхий найруулагчийн зохиолын эх хувийг үндэсний архивын сан хөмрөгт хүлээлгэж өгөөд, “Уран бүтээлч өчүүхэн миний хийж бүтээсэн 50 жилийн бүтээлүүдийг өөрийн сан хөмрөгтөө хүлээн авч надад болон миний гэр бүл,үр хүүхдэд хэмжээлшгүй мөнхийн ажил бүтээж, сэтгэл санаагаар болон бусад талаар мартагдашгүй үйлс бүтээлцсэн Архивын хамт олонд баярлалаа” гэсэн талархлын үгээ Архивын ерөнхий газрын хүндэтгэлийн дэвтэрт бичиж үлдээсэн юм.

Нээлтэд Худалдааны гавьяат ажилтан, эдийн засгийн ухааны доктор (PhD) профессор А.Шагдарсүрэн, түүний гэргийн Р.Содном, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Нагнайдорж түүний гэргий Ш.Даваасүрэн, Архивын ерөнхий газрын удирдлагууд, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямаа, Ардын эмч Р.Цэдэн-Иш, МУ-ын гавьяат багш Т.Гунаажав, Ц.Түвшинтөгс, Байгаль орчны гавьяат ажилтан Б.Чимэд, кино найруулагч Д.Цэнддорж зэрэг эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

Ийнхүү Үндэсний төв архивын сан хөмрөг нь Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрддэг бөгөөд өнөөдөр 2 гавьяатын хувийн гаралтай баримтаар үндэсний архивын сан хөмрөгийг баяжууллаа.