“Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе (1911-2021)” архивын баримт, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Архивын ерөнхий газар Гадаад харилцааны яам хамтран “Монгол-Оросын харилцаа:Түүх орчин үе” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнд хоёр улсын харилцааны түүхэн 5 үед хамаарах нийгэм улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсролын салбар дахь харилцаа хамтын ажиллагааны гол гол үйл явдалд холбогдох 360 гаруй баримтыг сонгон үзэгч олонд хоёр улсын найрамдалт харилцааны 100 жилийн ойд зориулан дэлгээд байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад Суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх С.А.Краминцев, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон бусад зочид төлөөлөгч нар оролцов.

Үзэсгэлэнгийн баримтаас онцолбол: Хүрээн дэх Оросын консулд Богд гэгээнтнийг Монгол Улсын хаанд өргөмжлөхөөр тогтсоныг мэдэгдэж илгээсэн бичиг, 1915 оны гурван улсын гэрээнд оролцсон Хаант Орос Улсын төлөөлөгчдөд хишиг хүртээсэн Богд хааны зарлиг, Эх орны дайны жилүүдэд“Бүхнийг фронтод, бүгдийг ялалтад” уриан дор ЗХУ-ын Улаан армид Монголын ард түмнээс явуулсан бэлэглэлийн хөдөлгөөнд холбогдох эх баримт, гэрэл зургууд, Монгол ардын хувьсгалт цэрэг нь Зөвлөлтийн армийн Өвөр Байгалын фронтын бүрэлдэхүүнд орж,1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон тухай баримт, 1921 оны Орос-Монголын найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээрийн баримтат кино зэрэг сонирхолтой, ховор баримт бичиг, гэрэл зураг, баримтат киног дэлгэн үзүүлж байна. Мөн энэ үеэр “Монгол-Оросын харилцаа он дарааллын товчоон 1911-2021” номын нээлт боллоо.