МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН АНХНЫ НЭВТЭРХИЙ ТОЛЬ: ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ЗОРИЛГО, АГУУЛГА, АЧ ХОЛБОГДОЛ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар Академич, МУИС-ийн Эмерит профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх С.Нарангэрэл “Монголын хууль зүйн нэвтэрхий толь бичиг”-ийг өнгөрсөн нэг жилийн туршид бүтээж, анхны хэвлэлтийг нийтийн хүртээл болгосон. Тэрээр энэхүү толь бичигийг бүтээх болсон зорилго, эрэлт хэрэгцээ, агуулга, ач холбогдлынхоо талаар ийн бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Академич, МУИС-ийн Эмерит профессор, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх С.НАРАНГЭРЭЛ

САНААЧИЛГА

     Монгол Улсад Шүүх (Хууль зүйн) яам үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг угтаж улс гүрнийхээ хууль зүйн нэвтэрхий толь бичгийг бүтээлгэх санаачлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гаргасан тухайгаа “Монгол Улсын хууль зүйн анхны нэвтэрхий толь бичиг боловсруулан бэлтгэх ажил үйлсийг санаачлан хэрэгжүүлэхийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, түүнийг тэргүүлж байгаа надаас шаардсан юм”[1] гэж бичжээ.

     Дагаж мөрдөж буй хууль тогтоомжоо системчлэх, тайлбарлан таниулах, суртачлах явдал тусгаар тогтносон улсын Хууль зүйн яамны нэг үндсэн чиг үүрэг болж ирсэн түүхэн уламжлалтай. Энэ үүднээс авч үзвэл Монгол Улсад 1911 онд байгуулагдсан Шүүх яам хууль тогтоомжийг тайлбарлан суртачлах ажил үйлсийг шууд эрхлэн хариуцаж байжээ[2]. Эл чиг үүргийг 1921-1959 онд Шүүх явдлын яам, 1960-1971 онд Сайд нарын Зөвлөлийн Хууль цаазны хороо[3], 1972 оноос Шүүх яам хариуцаж ирсэн бөгөөд тус яам нь 1990 оноос Хууль зүйн яам, 2000 оноос Хууль зүй, дотоод хэргийн яам болон өөрчлөгдсөн ч тухайн чиг үүрэг хэвээр хадгалагдаж ирсэн байна.

     Монгол Улс хүн төрөлхтний төр ёсны түүх, хууль зүй судлалд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан гүрэн билээ[4]. XIII зуунаас монголын хуулиар дэлхий дахинд[5] их амар амгаланг (Mongolian Pax) 140 жилийн туршид тогтоож байсан нь хэн ч маргахын аргагүй бодит үнэн. Энэ бүхнийг Монголын нууц товчооны 224 дүгээр зүйлд байгаа их эзэн Чингис хааны “гүр улсыг шударгатаж, гагц жолоондоо оруулсан”[6] хэмээсэн айлдвар бэлхэнээ нотолно.

     Нэвтэрхий толь[7] нь системчлэн эрэмбэлсэн тодорхой мэдлэгийг агуулсан шинжлэх ухааны лавлагаа-мэдээллийн хэвлэл учраас олон талын ач холбогдолтой юм. Нэвтэрхий толийг түгээмэл (ерөнхий), үндэсний (эх орны), бүс нутгийн, салбарын (тусгай) гэж ангилах бөгөөд хууль зүйн нэвтэрхий толь салбарын нэвтэрхий тольд хамаарагдана. Салбарын нэвтэрхий толийн эрэлт хэрэгцээ байнга өсөн нэмэгдсээр байгаа нь шинжлэх ухааны нарийн төвөгтэй бөгөөд олон талт үйл явцад хүмүүн өмнөх хийгээд шинэ мэдлэгийн аль алиныг эзэмших явдалтай шууд холбоотой.

[1] Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг.., Улаанбаатар., 2021, 4 дэх тал.

[1] Монгол Улсын хууль зүйн алба. Тэргүүн дэвтэр.., Улаанбаатар., 2011, 21-22 дахь талыг үзнэ үү.

[1] Энэ хугацаанд Шүүх яам татан буугдаж чиг үүргийн нэг хэсэг нь Сайд нарын Зөвлөлийн Хууль цаазны хороо болон нөгөө нь Улсын дээд шүүхэд шилжжээ.

[1] Энэ талаар С.Нарангэрэл Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд. Нэмж засварласан гурав дахь хэвлэл., Улаанбаатар, 2018 номоос тодруулж үзнэ үү. Энэ ном англи, орос, герман, казах хэлнээ хөрвүүлэгдсэнээс англи хэлнээ “The spirit of laws or Chinggis khan and the Mongols (2018)”; орос хэлнээ “В поисках духа закона или завещание Чингисхана” (2019) нэрээр хэвлэгдэн нийтлэгджээ.

[1] XIII зуунд дэлхий ертөнц Ази, Европ тивээс бүрдсэн юм шиг байжээ. Африк тивийн зөвхөн баруун эрэгт XV зууны эхэн үеэс анх португалчууд очиж байжээ. Америк тив XVI зуунд л нээгдсэн. Европтой харьцуулахад дорно, өрнийг холбосон монголын эрин үе, монголчуудын жолоодлого дор дорно дахин урьд хожид байгаагүйгээр цэцэглэн хөгжжээ. Тийм учраас европчууд Хубилай цэцэн хааны дэргэд олон жил шадарлан зүтгэсэн Марко Пологийн аян замын тэмдэглэлийг шимтэн уншицгаажээ. Монголын эрин үе хэдий өнгөрсөн ч дорно дахины соёл, хөгжил цэцэглэлт нь баялаг татах хүч болсноор Испанийн аялагч Х.Колумба Монголын их эзэнт гүрнийг зорих замдаа Америк тивийг анх нээсэн. Астрали тив XVII зуунаас шинжлэн судлагдах болсноор түүнийг мэдэх төдий болжээ.

[1] Монголын нууц товчоо. Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг. Шинээр хөрвүүлж, тайлбар үйлдсэн Ш.Чоймаа.., Улаанбаатар., 2011, 184 дэх тал.

[1] Нэвтэрхий толь хэмээх нэр томъёо нь эртний грек хэлнээ enkyklipopaideia; франц хэлнээ encyclopedie; англи хэлнээ encyclopedia; орос хэлнээ энциклопедия гэж нэршжээ.

ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ

     Монгол Улсын хууль тогтоомж, хуулийн өдөр тутмын хэрэглээ болон эрх зүйн боловсрол, хууль зүйн мэргэжил, хууль зүйн судалгаа, эрх зүйн сурталчилгаа зэрэг нь шинжлэх ухааны зориулалт бүхий Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь зохиох бодит эрэлт хэрэгцээг буй болгосон байна. Үүнийг дараах байдлаар тодорхойлон тоймолж болно:

  1. Монгол Улсад эрх зүйн шинэ тогтолцоо төлөвших үйл явц эрчимтэй өрнөж байна. Үндэсний онцлог, дэлхий нийтийн чиг хандлага, шударга ёс, хууль дээдлэх ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, зах зээлийн эдийн засагт суурилсан Монгол Улсын эрх зүй нь шинэ нэр томъёо ба ухагдахуунаар байнга баяжиж ирэв. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд зарчмын шинжтэй нэмэлт өөрчлөлт оруулсан. Эдгээр нь Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь боловсруулж гаргах шаардлагыг буй болгов.
  2. Монгол Улсын эрх зүйн тогтолцоог улам бүр дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэх болсон. Энэ нь монголын хууль зүй судлалыг шинэ нэр томъёо, үг хэллэг, ухагдахуунаар үлэмж баяжуулсан учир тэдгээрийг зөв тайлбарлах шаардлага үүдэгдсэн.
  3. Монгол Улсын эрх зүйн хөгжлийн шинэлэг чиг хандлага нь хувийн эрх зүйн үүрэг, ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байгаа явдал мөн. Хувийн аж ахуй эрхлэх эрх, гэрээний эрх чөлөө, өмчийн халдашгүй байдал зэрэг хувийн эрх зүйн бусад зарчим орчин үеийн монголын хууль тогтоомжид тусгалаа олсон. Монголын хууль тогтоомжид нийтийн болон хувийн эрх зүйн хосолмол зохицуулалт цөөнгүй буй болжээ. Эдгээрийг тайлбарлах зайлшгүй шаардлагатай болсон.
  4. Монгол Улс нүүдлийн соёл иргэншил бүхий дэлхийн хаана ч давтагдашгүй үндэсний өвөрмөц онцлог бүхий гүрэн. Үүнийг Монгол Улс хууль тогтоомждоо тусгаж ирсэн. Ийм онцлогыг тодорхойлох   шаардлагатай болов.
  5. Орчин үеийн шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил болон нийгмийн олон талт харилцааг хуулиар зохицуулах явдал өсөн нэмэгдэж байгаатай уялдан хууль зүйн нэр томъёоны сан хөмрөг үлэмж баяжин, ялангуяа нэлээд явцуу салбарын олон тооны нэр томъёо ба үг хэллэг үлэмжхэн нэмэгдсэн нь тэдгээрийг тайлбарлах шаардлагыг буй болгов.

     Энэ бүхэн нь Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толийг зохиох зайлшгүй шаардлага, эрэлт хэрэгцээг буй болгосон юм.

ЗОРИЛГО

     Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толийг зохиож нийтийн хүртээл болгох зорилго нь:

  1. Манай улсын хууль зүйн нэр томъёо ба хэллэг жигдэрч, нэг мөр хараахан болоогүй байгаа учраас тодорхой зарим нэр томъёо ба ухагдахууны утга санааг илрүүлэн гаргах, жигдрүүлэх, давхцлыг арилгах зайлшгүй шаардлагатай болсон;
  2. Монголын хууль зүйн хэл сүүлийн жилүүдэд нэн эрчимтэй хөгжиж, жил бүр шинжлэх ухаан, техник, технологийн нэр томъёо хууль зүйнх болон хувирч, гадаадын эрх зүйн нэр томъёо нэвтэрч байна. Заримыг нь монгол хэлнээ оноолт хийхгүйгээр шууд хэрэглэх явдал ч нэлээдгүй гарах болов. Ийм нөхцөлд тэдгээр нэр томъёо ба ухагдахууны агуулгыг гарал үүслийнх нь жинхэнэ утгаар тайлбарлах, ойлгож хэрэглэх зайлшгүй бодит шаардлага үүдэгдсэн;
  3. Иргэн бүр өөрт байгаа эрхээ мэдэж, зөрчигдсөн тохиолдолд түүнийг хамгаалах замаар хуулийг дээдлэх ёсыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох ёстой. Тэгэхдээ иргэн бүр хүлээсэн үүргээ шударгаар хариуцлагатай биелүүлэх нь Монгол Улсын тогтвортой хөгжил цэцэглэлт, түүний нэр хүнд дээшлэх тулгуур үндэс болно;
  4. Нэгэнт бүрэлдэн буй болсон хууль зүйн мэдлэгийг шинжлэх ухааны үндэстэй системчлэх шаардлага тавигдсан;
  5. Монголын ард түмнийг эрх зүйн талаар соён гэгээрүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд чиглэгдсэн. Эрчимтэй хөгжиж буй хууль тогтоомжийг судлах талаар байнга өсөн нэмэгдэж байгаа бүх нийтийн эрэлт хэрэгцээг хангахад тус дөхөм үзүүлэх зорилтыг тавьсан.

УРЬДАЧ НӨХЦӨЛ

     Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь хэрэв урьдач дэвсгэр нөхцөл бүрэлдэж буй болоогүй бол зохиогдох, нийтийн хүртээл болох боломж муутай байсан. Энэхүү урьдач нэг нөхцөл нь хууль зүйн нэр томъёо ба хэллэгийн сан хөмрөг бүрдүүлэх явдал байв. Манай эрдэмтэд, судлаачид, багш нар, мэргэжилтний идэвх зүтгэлийн үр дүнд ийм сан хөмрөг бүрдсэнийг дараах гурван чиглэлээр тоймолж болно:

      1) хууль зүйн нэр томъёо ба хэллэгийн хоёр болон түүнээс дээш  хэлний орчуулгын толь бичгүүд[8] гарсан явдал юм;

   2) тодорхой зарим салбар эрх зүй болон хууль зүйн сэдэвчилсэн  тайлбар толь зохиогдсныг дурдаж болно[9];

     3) хууль зүйн түгээмэл нэр томъёо ба ухагдахууны тайлбар толь зохиогдож, нийтийн хүртээл болсон явдал юм. БНМАУ-ын жилүүдэд зохиосон хууль зүйн толь нь 1986 онд хэвлэгдсэн “Эрх зүйн мэдлэгийн товч толь” байсан юм. Эл толь нь хөдөлмөрчдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн бөгөөд 400 шахам нэр томъёог багтаажээ[10].

     Монгол Улсын жилүүдэд 2003 онд “Хууль зүйн тайлбар толь” нийтийн хүртээл болсон.  “Монгол Улсад хууль зүйн үндсэн асуудлыг хамаарсан толь бичиг урьд өмнө хэвлэгдэн гарч байгаагүй учраас энэ удаад уг толь бичигт хууль зүйн шинжлэх ухааны бүх салбаруудыг хамрах зорилго тавиагүй зөвхөн давын өмнө бүх нийтэд хэрэгцээтэй гол гол салбар эрх зүйн үндсэн салбаруудыг тайлбарлах”[11] зорилгыг зохиогчид өмнөө тавьжээ.

     Хууль зүйн 5500 гаруй нэр томъёоны тайлбарыг багтаасан “Эрх зүйн эх толь бичиг” 2007 онд хэвлэгдэн нийтийн хүртээл болж, зохиогч “Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаан ба практикийн нэр томъёо, хэллэгийг цугларуулан тэдгээрээс сонголт хийн шүүн тунгааж, голлох суурь нэр томъёонд тайлбар хийх. Тэгэхдээ нэвтэрхий толь бичгийн зарчмаар бус харин хууль зүйн тухайн нэр томъёо, хэллэгийн нарийн утга учрыг товч тодорхойлохыг аль болохоор хичээсэн. Тийм учраас юуны түрүүнд хууль зүйн ухагдахуун буюу хэллэгийн зөв сонголт хийх ба тайлбарлах, мөн явцуу мэргэжлийн салбарын хуульчлагдсан олон нэр томъёоны учрыг тайлах асуудалтай өдөр тутам тулгарч буй мэргэжлийн хуульчдад тус дөхөм болох зорилгод чиглэгдсэн билээ. Энэ учраас орчин үеийн монголын хууль зүйн хэлний баялаг хийгээд нарийн төвөгтэй байдлыг тусгасан, нэлээд нарийн ба бүрэн хангалттай толь бичиг боловсруулах бас нэгэн оролдлогын үндэс суурийг тавих нь эл бүтээлийн нэг чухал зорилт болсон юм”[12] гэж бичжээ. Эл тайлбар толийг нэмж засварлан 2008 онд хэвлүүлсэн хоёр дахь хэвлэл 6000 гаруй нэр томъёо ба хэллэгтэй болж, 500 гаруйг нэмсэн байна[13]. Нэмж засварласан гурав дахь хэвлэл нь 2011 онд хэвлэгдэж, хууль зүйн 8000 шахам нэр томъёо ба хэллэгтэй болжээ[14]. Эл тайлбар толь бичгийн нэмж засварласан дөрөв дэх хэвлэлийг 2015 онд  хууль зүйн 9000 гаруй нэр томъёо ба хэллэгтэй хэвлүүлжээ[15].

     Эдгээр толь бичиг нь хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Г.Совд багшийн бичсэнчлэн “цаашид судалгааг гүнзгийрүүлж, хууль зүйн шинжлэх ухааны бүх салбарын ухагдахууныг багтаасан нэвтэрхий толь зохиогдоход онол, арга зүйн нэн чухал ач холбогдолтой дэвсгэр”[16] болжээ.

     Манай улсын эрдэмтэн судлаач хууль зүйн нэр томъёоны асуудлаар хэд хэдэн даацтай бүтээл туурвисан нь хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд тийм эрдэмтний эрдмийн өвийн сан, туршлагад тулгуурлан Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толийг зохиолгосон байна. Энэ талаар Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар академич С.Нарангэрэлийг зөвлөхөөрөө урьж ажиллуулан, Монгол Улсын хууль зүйн анхны нэвтэрхий толь бичгийг бүтээлгэсэн нь мэргэдийг түших монголын төр ёсны агуу ухаан аниж эдгэрсэн шарх болоогүй байгааг харуулна”[17] гэж онцлон тэмдэглэжээ.

[1] Б.Чимид, Д.Пүрэв, Чой.Лувсанжав нар Хууль зүйн нэр томъёо (Улсын нэр томъёоны комиссын мэдээ № 107-108)., Улаанбаатар, 1978; С.Нарангэрэл Англи-монгол хууль зүйн толь., Улаанбаатар, 1991; С.Нарангэрэл Англи-орос-монгол хууль зүйн толь., Улаанбаатар, 1994; Ж.Амарсанаа Англи-Орос-Герман-Монгол олон улсын эрх зүйн толь., Улаанбаатар, 2004; С.Нарангэрэл Хууль зүй судлалын англи-монгол тайлбар толь., Улаанбаатар, 2005; Захиргааны эрх зүйн нэр томъёоны тайлбар толь: Герман-монгол-орос, монгол-герман-орос., Улаанбаатар, 2005; Эрүүгийн эрх зүйн нэр томъёоны толь: Герман-монгол-орос, монгол-герман-орос., Улаанбаатар, 2006; Ж.Өлзийбадрах Хууль зүйн нэр томъёоны Монгол-Казах тайлбар толь., Улаанбаатар, 2011; С.Нарангэрэл Хууль зүйн  англи-монгол эх толь., Улаанбаатар, 2012; С.Нарангэрэл Монгол-англи хууль зүйн толь бичиг., Улаанбаатар, 2016; С.Нарангэрэл Орчин үеийн орос-монгол хууль зүйн тайлбар толь., Улаанбаатар, 2017 зэрэг.

[1] Ж.Амарсанаа Хүүхдийн эрхийн нэр томъёоны товч тайлбар толь., Улаанбаатар, 1978; Д.Ганзориг Захиргааны эрх зүйн тайлбар толь., Улаанбаатар, 2003; Д.Солонго Төрийн эрх зүйн тайлбар толь., Улаанбаатар, 2003; Ж.Амарсанаа, Б.Бат-Эрдэнэ Хуулийн нэр томъёоны дагалга., Улаанбаатар, 2004; З.Намжил Зохиогчийн эрхэд хамаарах эрхийн нэр томъёоны дүйцэл., Улаанбаатар, 2004; Ю.Энхтүвшин Оюуны өмчийн эрх (тайлбар толь)., Улаанбаатар, 2004; Монгол Улсын Үндсэн хуулийн үгийн сангийн товчоо., Улаанбаатар, 2005; Б.Улаанбаатар Иргэний эрх зүй: тайлбар толь., Улаанбаатар, 2005; Т.Сосорбарам Санхүү банкны эрх зүйн нэр томъёоны тайлбар толь., Улаанбаатар, 2005; Монгол Улсын цагдаагийн эрх зүйн лавлах толь., Улаанбаатар, 2008; Б.Болортогос., Д.Бямбасүрэн., Б.Энхмаа  Хууль зүйн нэр томъёоны тайлбар толь., Улаанбаатар, 2012 зэрэг.

[1] Ж.Амарсанаа, Л.Баасан, Н.Баатаржав, Д.Лүндээжанцан, С.Нарангэрэл нар Эрх зүйн мэдлэгийн толь…, Улаанбаатар., 1986, 4 дэх талыг үзнэ үү.

ҮНДСЭН АГУУЛГА

     Манай зарим судлаач эрдэмтэд хууль зүйн нэр томъёо ба хэллэгийг түүвэрлэн картжуулах[18] ажлыг 1980-аад оны эх үеэс эхлүүлсэн бөгөөд нийтдээ хууль зүйн 10 мянга шахам[19] нэр томъёо ба хэллэгийн карт хийж бэлтгэсэн нь энэхүү нэвтэрхий толийн дэвсгэр болсон байна. Эдгээрээс нэвтэрхий тольд шилж үлдээх нь амаргүй зорилт болон тавигджээ. Дэлхий дахины хэмжээний болон үндэсний эрх зүйн тогтолцооны нэн чухал ухагдахууны зэрэгцээ сүүлийн жилүүдэд манай болон гадаадын шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ нэр томъёог харгалзан үзэх шаардлагатай болсон. Эдгээр нэр томъёо бүрийн ард шинэ үзэгдэл, онол ба практикийн ололт байдаг юм. Орчин цагийн нэвтэрхий тольд тэдгээрийг харгалзан үзэхгүй байж яагаад ч болохгүй.  Энэ удаад нийтдээ 2200 гаруй нэр томъёо ба ухагдахууныг багтаасан. Ингэхдээ хууль зүйн хэд хэдэн нэр томъёо ба ухагдахууныг нэг нэр томъёо буюу ухагдахуунд багтаах арга зүйг ашигласан. Жишээлбэл, нийгэм-эдийн засгийн эрх хэмээх нэр томъёонд хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрх, амрах эрх, өмчлөх эрх, хувийн аж ахуй эрхлэх эрх, амьжиргааны хангалттай түвшинд амьдрах эрх, ажил хаях эрх, өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд үндэсний болон олон улсын байгууллагад нэгдэх эрх, нийгмийн халамж эдлэх эрх, нийгмийн даатгалын эрх, эрүүл мэндээ хамгаалуулах ба эмнэлгийн тусламж авах эрх, эх нялхас ба хүүхдийн хамгаалуулах эрх[20] зэрэг эрх зүйн 12 ухагдахууныг багтаасан. Мөн нөхөн олговор[21] хэмээх нэр томъёог үндсэн хуулийн эрх зүй, иргэний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, олон улсын эрх зүй болон төрийн албаны хуулийн үүднээс авч үзсэн. Үүнтэй нэгэн адил торгууль[22] хэмээх нэр томъёог иргэний, эрүүгийн эрх зүй болон зөрчлийн тухай хуулийн үүднээс тайлбарласан.

[1] Үз.: Ж.Амарсанаа, С.Нарангэрэл, Г.Совд нар Хууль зүйн тайлбар толь., Улаанбаатар, 2003.

[1] С.Нарангэрэл Эрх зүйн эх толь бичиг.., Улаанбаатар., 2007, 3 дахь тал.

[1] Үз.: С.Нарангэрэл Эрх зүйн эх толь бичиг.., нэмж засварласан хоёр дахь хэвлэл., Улаанбаатар, 2008.

[1] Үз.: С.Нарангэрэл Эрх зүйн эх толь бичиг.., нэмж засварласан гурав дахь хэвлэл., Улаанбаатар, 2011.

[1] Үз.: С.Нарангэрэл Монголын эрх зүйн англи, орос, латин хадмал эх толь бичиг.., нэмж засварласан гурав дахь хэвлэл., Улаанбаатар, 2015.

[1] Үз.: Ж.Амарсанаа, С.Нарангэрэл, Г.Совд нар Хууль зүйн тайлбар толь., Улаанбаатар, 2003.

[1] Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг.., Улаанбаатар., 2021, 5 дахь тал.

[1] Академич С.Нарангэрэлийн хувийн архивт бий.

[1] 1890 оноос хойш цагийн шалгарлыг давж, долоо удаа хэвлэгдэж, нэг хэвлэлээс нөгөө хэвлэлд баяжиж нэмэгдсээр ирсэн  америкийн нэг боть Black’s Law Dictionary нь хууль зүйн 25 мянга гаруй нэр томъёотой. Энэ толь нь нэвтэрхий толийн зарчмаар бус түүний зүйл бүрийн агуулга нь хууль зүйн алив нэгэн ухагдахуун буюу хэллэгийн агуулгыг нарийн товч тодорхойлох, түүнийг хэрэглэх салбар ба эх сурвалж (гарал үүсэл) -ийг заах байдлаар хязгаарлагдсан. Ийм толь нь нэр томъёог

     Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий тольд эрх зүйн дараах ухагдахууны тайлбар бүхий шинжлэх ухааны өгүүллүүдийг оруулсан болно:

     1) хууль зүйн шинжлэх ухааны онолын нэр томъёо ба ухагдахууны тухай өгүүлэл бичиж оруулсан. Энэ нь төр ба эрх зүйн онол,  монголын ба гадаад орнуудын төр ба эрх зүйн түүх, эрх зүйн философи зэрэг юм. Монгол Улсын төр ба эрх зүйн түүхэнд холбогдох өгүүлэл нь монголын ард түмний аж төрөх ёс, амин зуулга, ёс суртахуун, соёл, сэтгэлгээний хэв шинжийг харуулахад чиглэгдсэн. Түүнчлэн хууль зүй судлалын эцэг болсон Ромын эрх зүйн өргөн хэрэглээний зарим нэр томъёо ба ухагдахууныг тайлбарласан. Мөн ром германы буюу эх газрын эрх зүйн бүл, англи-америкийн эрх зүйн бүл, мусульманы эрх зүйн бүлийн түгээмэл ухагдахууны тухай өгүүлэл бий;

   2) салбар эрх зүйн буюу үндсэн хуулийн, захиргааны, иргэний, эрүүгийн, санхүүгийн, хөдөлмөрийн, гэр бүлийн, процессын эрх зүйн ухагдахууны тухай өгүүлэл бичигдсэн;

     3) салбар эрх зүй хоорондын буюу экологийн, татварын, гаалийн, анагаах ухааны, хөдөө аж ахуйн, цагдаагийн, цэргийн зэрэг эрх зүйн ухагдахууны тухай өгүүлэл бий;

  4) олон улсын эрх зүйн буюу олон улсын нийтийн ба хувийн эрх зүйн ухагдахууны тайлбарууд орсон. Тухайлбал, зөрчилдөөний хэм хэмжээ, зөрчилдөөний эрх зүйн тухай өгүүллийг тусгайлан оруулжээ;

   5) хууль зүйн хавсарга ба хэрэглээний шинжлэх ухааны буюу криминалистик, криминологи, шүүх эмнэлэг, шүүхийн сэтгэц гэм судлалын ухагдахууны тухай тайлбар өгүүлэл байгаа болно;

зөв шилж сонгож авах ба тайлбарлах асуудалтай тулгарч байдаг мэргэжлийн хуульчдад зориулагдсан байдаг.

[1] Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг.., Улаанбаатар., 2021, 259-261 дэх талаас тодруулж үзнэ үү.

[1] Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг.., Улаанбаатар., 2021, 273-274 дэх талаас тодруулж үзнэ үү.

[1] Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг.., Улаанбаатар., 2021, 396 дахь талаас тодруулж үзнэ үү.

   6) манай улсын хууль тогтоомжид заагаагүй боловч олон улсын хийгээд гадаад улсын эрх зүй ба хууль тогтоомжид өргөн хэрэглэгддэг хууль зүйн түгээмэл нэр томъёо ба ухагдахууныг тайлбарласан;

    7) энэхүү хууль зүйн нэвтэрхий толь бичигт багтаасан хууль зүйн  ухагдахууны толгой нэр томъёог англи хэлнээ оноосон нь дэлхий нийтийн хууль зүйн түгээмэл нэр томъёотой жигдрүүлэх, зөв хөрвүүлэх, монголынхоо өвөрмөц онцлог байдлаа тусган илэрхийлэхэд чиглэгдсэн.

Тус нэвтэрхий толь бичигт дагаж мөрдөж буй бүх хууль тогтоомжийг 2021 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар нэмэлт өөрчлөлтийн хамт авч үзсэн байна.

АЧ ХОЛБОГДОЛ

         Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь нь олон талын ач холбогдолтой бөгөөд түүнийг дараахь байдлаар тоймолж болно:

     1) хууль зүйн мэргэжлийн албан бус тайлбарын нэгэн үндсэн төрөл зүйл нь нэвтэрхий толь мөн. Хууль зүйн мэргэжлийн албан бус тайлбарын үндсэн оролцогчид юуны өмнө хуульч-эрдэмтэд ордог. Хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтний тайлбар нь  нэр хүндтэй албан бус тайлбарт тооцогдож ирсэн уламжлалтай. Хууль зүйн нэвтэрхий толь нь хууль зүйн ухагдахууныг зөв ба нэг мөр тайлбарлах болон хэрэглэх зорилгоор бүрдүүлсэн нэр томъёо ба тайлбарын лавлагааны ба мэдээллийн цуглуулбар учраас хуульчид хуулийг хэрэглэх ба тайлбарлахдаа ашиглана;

   2) энэхүү нэвтэрхий толь нь хууль зүйн мэдлэгийг системчлэхэд тус дөхөм үзүүлнэ. Энэхүү нэвтэрхий тольд байгаа хууль зүйн нэр томъёо ба ухагдахууныг цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлсэний зэрэгцээ сэдэвчилсэн системчлэл хийгдсэн;

    3) шинжлэх ухааны нэвтэрхий толь нь эрдэм шинжилгээний дорвитой, даацтай бүтээлд тооцогддог учир монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд нэг чухал алхам болж, шинжлэх ухааны эргэлтэд орж байна. Нэвтэрхий толь бүтээх үйл явцад манай улсын хууль тогтоомжид байгаа хийдэл, давхцал, зөрчилдөөн, үл нийцэл нэлээдгүй илрэн гарсан юм. Энэ нь Монгол Улсын эрх зүйн тогтолцооны нэгдмэл байдал ба үр нөлөөг хангах, хууль тогтоомжийг цаашид төгөлдөржүүлэн боловсронгуй болгоход тус дөхөм үзүүлэх болно;

    4) энэхүү нэвтэрхий толь нь эрх зүйн талаар нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэгдсэн учраас өргөн олон уншигчдад зориулагдсан. Эл нэвтэрхий тольд нэг талаас эрх зүйг бүтээж, хөгжүүлж байгаа, нөгөө талаас хэрэглэж байгаа хэн бүхэн хандаж болно. Энэ нь төрийн болон улс төрийн зүтгэлтэн, хууль тогтоогчид, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагын алба хаагчид, шүүгч, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, хуулийн зөвлөх зэрэг юм. Нэвтэрхий толийг хууль тогтоомжийн хэм хэмжээг судлах ба зөв хэрэглэх, хууль зүйн шинжлэх ухааны нарийн төвөгтэй ба олон талт байдлын учир зүйг олохыг хичээж буй хэн ч ашиглаж болно. Хууль зүйн нэвтэрхий толийг бүтээхэд Монгол Улсын болон олон улсын эрх зүйн бүх салбарын ном зохиолыг өргөн ашиглахыг хичээнгүйлсэн, дагаж мөрдөж буй хууль тогтоомжоор хязгаарлаагүй, Монгол Улс төдийгүй дэлхий дахины төр ёс ба хууль бүтээх түүхэн хөгжилд олон талт судалгаа шинжилгээ хийсэн учраас тодорхой утгаараа энэхүү нэвтэрхий толь нь нэгэн ботид багтаасан хууль зүйн номын сан болсон юм;

  5) энэхүү нэвтэрхий тольд оруулсан өгүүлэл нь эрх зүйн мэргэжлийн боловсрол олох сургалтын явцад хууль зүйн их дээд сургуулийн багш, магистрант, докторант, оюутан нарт ширээний ном болно. Ахисан түвшний боловсрол эзэмших болон мэргэжлийн ур чадвараа бие даан дээшлүүлэхэд ихээхэн тус дөхөм үзүүлнэ;

  6) энэхүү хууль зүйн нэвтэрхий толийн бас нэг гол ач холбогдол нь иргэн бүр эрхээ мэдэж, зөрчигдсөн тохиолдолд тууштай хамгаалуулахын зэрэгцээ хүлээсэн үүргээ ягштал сахин биелүүлэх нь монголын ард түмэн сэтгэл тэнүүн, аз жаргалтай амьдрах, Монгол Улс тогтвортой хөгжин цэцэглэх зайлшгүй нөхцөл болоход тус дөхөм үзүүлэхэд оршино.

  Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь нь цаашид улам бүр төгөлдөржин боловсронгуй болж, нэмж засварлагдан дахин хэвлэгдэж, олон жилийн туршид ашиглагдах нь эргэлзээгүй. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын бичсэнчлэн Монгол Улсад Хууль зүйн яам байгуулагдсаны 110 жилийн ойн босгон дээр “Монгол Улс маань тусгаар тогтносон, бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсын хувьд улс гүрнийхээ хууль зүйн нэвтэрхий толь бичигтэй болох, монголын ард түмэнд толилуулах  үндэс суурь ийнхүү тавигдав”[1].

[1] Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг.., Улаанбаатар., 2021, 4 дэх тал.