“Хууль сахиулах салбарын эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалт боллоо

Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академиас хууль сахиулах салбарын агентлаг, байгууллагын эмэгтэй удирдах алба хаагчдын төлөөллийг оролцуулсан “Хууль сахиулах салбарын эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтыг өнөөдөр /2021.11.17/ зохион байгууллаа.Энэхүү сургалтын гол зорилго нь төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрт тусгагдсан удирдах албан тушаалтны хариуцлагын тогтолцоо, манлайлал, ёс зүйг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулахад чиглэж байгаа юм.

Сургалтад тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Дотоод хэргийн их сургуулийн Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Мөнхзаяа нар оролцож, Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат нээж үг хэллээ.Тэрээр “Тус их сургуулиас уламжлал болгон явуулдаг энэ сургалтад хүрэлцэн ирсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллага болон Онцгой байдлын салбарт иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах, цаг наргүй, төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэж буй манлайлагч, удирдагч эмэгтэйчүүд та бүхэнд Их сургуулийн эрдмийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Та бүхэн сургалтаас олж авсан шинэ мэдлэг, туршлагаа салбарын бусад эмэгтэйчүүддээ түгээн дэлгэрүүлж, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх, улмаар салбартаа төдийгүй нийгэмд манлайлагч байж иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө нийт эмэгтэйчүүдийг уриалж манлайлах ажилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг илэрхийлээд оролцогчдод амжилт хүслээ.

“Эмэгтэй удирдах ажилтны манлайлал” сэдвээр Английн Вишн фактор олон улсын байгууллагын сургагч багш, “Рояаль” олон улсын сургуулийн захирал Ч.Сэлэнгэ, “Манлайлагчдын үзэл бодол” сэдвээр Удирдлагын академийн Аюулгүй байдлын удирдлага, стратегийн профессорын багийн профессор, Хууль зүйн ухааны доктор, дэд хурандаа Г.Лхагвамаа, Удирдахуйн ухааны профессорын багийн ахлах багш, Төрийн удирдлагын доктор, ахлах дэслэгч Ц.Баясгалан нар сургалт зохион байгуулж, санал солилцов.

Мөн “Хууль сахиулах салбар дахь жендэрийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн ЭЗНУС-ийн Нийтийн эрх зүй, тэнхимийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Ж.Нямдулам, “Хууль сахиулах салбарын шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлыг хангах асуудал” сэдвээр Удирдлагын академийн Аюулгүй байдлын удирдлага стратегийн профессорын багийн дэд профессор, цагдаагийн дэд хурандаа А.Гантуул нар тус тус сургалт зохион байгуулсан юм.

Сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл 25 эмэгтэй албан хаагч хамрагдаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Э.Энхтуяа сертификат гардуулан, ажлын амжилт хүсэв.