“Монголчуудын бичиг, номын өв, соёл” сэдэвт эрдмийн хэлэлцүүлэг, үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Монголчуудын бичиг, номын өв, соёл” сэдэвт бичиг номын соёлд холбогдох ховор, нандин дурсгалыг олон нийтэд үзүүлэх, архивын баримтыг танилцуулах, түүх соёлоороо бахархах, хайрлах, хамгаалах, хадгалах, сурталчлах зорилго бүхий эрдмийн хэлэлцүүлэг, үзэсгэлэн өнөөдөр /2021.11.24/ нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнг Монгол судлалын хүрээлэнгийн Монгол хэл шинжлэлийн тэнхим, Монголын Үндэсний номын сан, Монголын Үндэсний музей, Архивын ерөнхий газар, Соёлын өвийн үндэсний төв хамтран Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд зохион байгуулж байна.

Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа бичиг соёлын өвд холбогдох эрдэмтэн Бямбын Ринчингийн дөрвөлжин үсгийн тэмдэглэл, бичиг соёлын талаар төрөөс гаргасан тогтоол шийдвэр, бичгийн хүрээний дурсгал болох эд өлгийн дээжээс дэлгэн үзүүлж байгаа юм.

Үзэсгэлэнгийн бусад баримтаас онцолбол Хүннүгийн үеийн булшнаас олдсон бичгийн хэрэглэл, тамга бүхий эд зүйлс, Сяньбичуудын бичгийн талаарх түүхийн тэмдэглэл, Нируны түүхэнд холбогдох бичигтэй гэрэлт хөшөө, Хятан бичигтэй барламал ном, Монголын Их хаадын захидал, тамганы дардас зэрэг ховор нандин баримтууд багтжээ.