Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөх, академич С.Нарангэрэлд төрийн шагнал хүртээлээ

Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн салбар үүсэж хөгжсөний 110 жилийн ойн босгон дээр  УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын Зөвлөх, академич С.Нарангэрэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсэхийн 100 дугаар зарлигаар Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд түүхэн сурвалж, хөлгөн судар, эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилд тулгуурлан “Чингис хааны ёс суртахуун-Эрх зүйн шастир”, “Монгол ёс суртахуун:Бадрал, уналт, эргэн сэргээлт”, “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” хэмээх гурван боть болон “Ёс суртахууны цагаан толгой” хэмээх монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, уналт, сэргэлт, монгол хүний удирдлага блгох учиртай ёс суртахууны хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодотгож, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд монголчуудын оруулсан үнэтэй хувь нэмрийг бодит эх баримтад түшиглэн тайлбарласан гарамгай бүтээлүүд туурвисны учир Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эмирет профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаар зарлигаар Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Академич С.Нарангэрэл нь Монгол Улсын хуульчдаас анх удаа төрийн шагнал хүртэж байгаа аж.