Цахим хөгжлийн багц хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.12.17/ нэгдсэн хуралдаанаар тус яамнаас боловсруулсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Тус хуулиуд батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж боло Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Эдгээр хуулиуд батлагдсанаар дараах өөрчлөлтүүд гарах юм. Үүнд:

“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай”  

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулж, төрөөс нээлттэй, ил тод байлгах мэдээллийг өргөжүүлж, байнга ил тод, нээлттэй байлгах замаар төрийн үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Мөн цахим баримт бичгийг цаасан суурьтай баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх, төрд цугларсан мэдээллийг боловсруулж, нээлттэй өгөгдөл болгон иргэн, хуулийн этгээд чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлнэ.

Нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоож, цаасан суурьтай үйл ажиллагааг багасган цахим харилцаанд шилжиж, нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох боломжтой мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байхаар зохицуулах нь иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээг цаг хугацааны хувьд хэмнэлттэй, мөн хүндрэл, зардал багатайгаар шуурхай авах, түүнчлэн төрийн байгууллагууд хоорондоо цахимаар мэдээлэл солилцож төсвийн бичиг хэрэг, шуудангийн гэх мэт зардлыг эрс бууруулах олон талын ач холбогдолтой. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлтээ хийсэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “Е-Mongolia”-д төрийн 57 байгууллагын 563 үйлчилгээ холбогдсон байгаа бөгөөд тус системээр дамжуулан төрийн үйлчилгээ авсан иргэн, хуулийн этгээд 1,050,436, тэдгээрт үзүүлсэн төрийн үйлчилгээний тоо 5,699,205-т хүрээд байна. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл батлагдсанаар дээрх тоо улам өсөх юм.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай

Олон улсын туршлагаас үзэхэд дэлхийн 193 улс орноос 45.6 хувь буюу 88 улс орон хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлж байгаа практикийг харгалзан Эстони, Словень, Япон, Солонгос, Хятад, Тайвань зэрэг улс орнуудын туршлагыг судалж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдаагүй орхигдсон мэдээллүүдийг хамгаалахаар тусгалаа. Тэр дундаа цахим хөгжилтэй уялдан гарч ирсэн хүний биометрик, генетик, цахим гарын үсэг зэрэг мэдээллийг хамгаалах талаар нэмж тусган Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бэхжүүлсэн. Түүнчлэн хүний хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд зөвхөн мэдээллийн эзний зөвшөөрлөөр цуглуулах, боловсруулах, ашиглах нөхцөл бүрдэнэ.

“Цахим гарын үсгийн тухай”

Түүнчлэн Цахим гарын үсгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 9 жилийн хугацаанд 38407 тоон гарын үсэг олгогдож байгаа практикийг өөрчилж Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны 2 сая 300 мянга орчим иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгох болно. Мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа тоон гарын үсэг авч хэрэглэж болохоор тусгасан. Ингэснээр хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо тоон гарын үсэг хэрэглэн мэдээлэл дамжуулах, солилцох нөхцөлийг сайжруулж, цахим хэлбэрээр хийх гэрээ, хэлцлийн тоог нэмэгдүүлэх зэргээр цаасан суурьтай хэрэглээнээс татгалзахад чухал ач холбогдолтой.