Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол-Оросын хамтарсан ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Дотоод Хэргийн яам хоорондын “Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсэг”-ийн ээлжит хурал өнөөдөр /2021.12.21/ цахимаар зохион байгуулагдлаа.

Хурлыг Монголын талаас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, нөгөө талаас Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дотоод хэргийн орлогч сайд И.Н.Зубов нар тэргүүлж оролцлоо.

Тус хурлаар талууд хил орчмын бүс нутгийн шуурхай байдлын нөхцөл байдал болон хил орчмын бүс нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл хийж, хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх хяналтын арга хэмжээг чангатгах, мал хулгайлахтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх, хоёр улсын хууль сахиулах байгууллагын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдгээ илэрхийлэв.